Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хувьд стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тухайлбал, ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар санал солилцлоо. Тэрбээр үргэлжлүүлэн, судалгаагаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч байгаа үзүүлэлт гарсан тул дотоодын нөөц боломж, өмнөх суурь туршлагад үндэслэн энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих байр суурьтай байгаагаа тодотгов.
Элчин сайд Ричард Буанганын хувьд, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ дурдаад цаг үеийн тулгамдсан асуудлууд, геополитикийн нөхцөл байдлаас улбаатай ардчиллын сорилтуудын өмнө харилцан туршлага солилцон, хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Монгол Улс бүс нутагтаа ардчиллын загвар болохуйц орон гэдгийг онцлоод Улсын Их Хурлын дэд даргын хувиар хүний эрхийг хамгаалах, жендерийн мэдрэмжтэй хууль тогтоомж батлахад манлайлан оролцож байгаад талархалтай ханддагаа уламжилсан юм. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээн дэх онцлох ажлуудаас дурдаад, Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулахаар төлөвлөж буйг тэмдэглэв.