Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/, Нийгмийн даатгалын сан/НДС/, Боловсролын зээлийн санг /БЗС/-г ил болгосон талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн Газрын “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг надад үүрэг болгосон.
Уг албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас хоёр тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.
Нийгмийн даатгалын сан: Аль банканд ямар нөхцлөөр мөнгө байршуулсан бэ?
Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банканд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцаарай. Байршуулсан мөнгөн хөрөнгийн болон Засгийн газрын бондын хүүгээс хэдэн төгрөгийн орлого олсныг он дараалал, инфографикаар харууллаа.
Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг Shilen.gov.mn-д нэгтгэн байршуулав. Ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хэрхэн зарцуулсныг хувь хэмжээтэй нь танилцуулж байна. Жишээ нь, зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулжээ. 2018-2022 оны нийгмийн даатгалын орлого, зарлагыг засаг захиргааны нэгжээр ангилж, газрын зургаас харах боломжтой.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: Эргэн төлөгдөөгүй 58.2 тэрбум төгрөг байна.
Өнгөрсөн 2012-2022 он буюу сүүлийн арван жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна.
Эргэн төлөгдөөгүй 58.2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан дөрвөн хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой.
Аль аймаг, дүүрэг хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод, хэд нь эргэн төлөгдөөгүй мэдээллийг мөн байршууллаа. Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймаг нэг тэрбумаас давсан, хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байна.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2010 оноос хойш хувь хүн, хуулийн этгээдэд 25.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 17.1 тэрбум төгрөг хэвийн бус төлөлттэй байгаа юм. Хэвийн бус төлөлттэй байгаа 15 хуулийн этгээдийн мэдээллийг ил болголоо.
Боловсролын зээлийн сангийн мэдээллийг та хянах боломжтой боллоо.
Нийгэмд үүсээд байгаа Боловсролын зээлийн сангийн зээлдэгч нартай холбоотой мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд иргэд, олон нийт, сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд дүгнэлт хийх, тулган шалгах боломж олгох зорилгоор бодит мэдээллийн эх сурвалж болох Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 1604 суралцагчид хамаарах 269.3 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод байршууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу байршуулсан тус мэдээллээс 2008-аас 2023 оны зээлдэгчдийн мэдээллийг хайлт хийн харах боломжтойгоор нээлттэй байршууллаа.
Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосноос хойш гурван тэрбум 550 сая төгрөгийн тус тус зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна” гэлээ.