УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ҮХНӨ оруулах журмын тухай хуульд заасанчлан, ард иргэдийн санал бодлыг сонсох зорилгоор захирамж гаргасны дагуу долоо хоног гишүүд тойрогтоо ажиллаа. Бид нийгмийн хүсэл зорилго, иргэдийн санал бодол дээр тулгуурлан, шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэд судлаачид бол 76 дарга биш, бага ард түмний 152 төлөөлөл байх нь зөв гэж үздэг. Гишүүдийн тоо олон болсноор бүх асуудалд оролцдог биш, чиглэл чиглэлээ төлөөлдөг мэргэшсэн парламентчид бий болох боломжтой юм. 76-ыг тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийн төлөөлөл болгож намын жагсаалтаас сонгох асуудлыг өргөн мэдүүлсэн. Иргэд бол 152 гишүүний тоог дэмжихгүй байна. Харин нэмэх нь зөв гэдгийг иргэдийн дийлэнх нь дэмжиж үг хэлж байна. Цахим сүлжээнд дэмжихгүй гэснийг нь тастаж авч шуугиулаад л, хоёр тал болгож хуваагаад байна. Хамгийн гол нь, цар тахлаас хойш төр ба ард түмний харилцаа холдсон асуудал ажиглагдаж байна. Гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Тиймээс гишүүдийг ирэхэд ард иргэд нийгмийн бухимдлаа тэгж илэрхийлэх нь зүй ёсны хэрэг. Иргэдийн амьжиргаа маш их доройтсон байна. Тиймээс МАН-ын бүлгийн хурлаар бүх гишүүд иргэдийн амьжиргааг хөндөж ярилаа. Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярихдаа гарц шийдэл ярилцахаар тогтлоо. Өнөөдөр бүх гишүүн үнийн өсөлт, хүүхдийн мөнгө, амьжиргааны доройтлыг хөндөж ярилаа. Мөн хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг ч их хөндөж ярьсан. Төрийн албан хаагчдын доод цалинг нэммээр байгаагаа ч мөн ярьсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь ч иргэдийг бухимдуулж байна. 152 гэдэг тоог бол бууруулна. Цөөнхийн зүгээс гарч буй санал учраас уялдуулж, боловсруулна" гэлээ.