Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно

Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч буй. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай  холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Улаанбаатарт барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Зайсан орчмын зарим замын хөдөлгөөнийг эсрэг урсгалд оруулах арга хэмжээ авна гэлээ.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:

-Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан. Мөн уулын гэж нэрлэдэг Дүнжингаравын замаар зорчих хөдөлгөөний эрчим 37 хувиар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжин жигдэрсэн үед оргил цагт нэвтрүүлж буй хөдөлгөөний эрчим өмнөх үетэй харьцуулахад 46 хувиар сайжирсан гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилнэ. Харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно.

Тодруулбал, 23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замууд эсрэг урсгалтай болгоно. Үүнд:

  • ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл;
  • Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.

Харин 06:00-23:00 цаг хүртэл буюу өдөр Зайсан тойруу нэг чигийн урсгалтай хэвээр байна хэмээлээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Зайсан тойруугийн замыг өвөл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин одоо Зайсан орчимд бүтээн байгуулалт хийж буй барилгын компаниудын ачаа тээвэр явж эхэлсэн. Үүнээс болоод Зайсангийн зүүн чигийн зам дээр эвдрэл гарч, засвар шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Энэ зам нь нийслэлийн төсвөөр тавигдаагүй, мөн том оврын болон хүнд даацын машин явах зориулалтгүй. Тиймээс Зайсангийн зүүн талын хөдөлгөөнд 24 цагийн турш ачааны автомашинд жингийн хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, наймаас дээш тонн жинтэй автомашиныг зорчуулахгүй гэсэн юм.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:

-Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбогдуулан Зайсан орчмын замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байна. Тэгэхээр өнөө оройноос эхлээд замын тэмдэг тэмдэглэгээг байршуулна. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдгийн заалтыг баримтлах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгохгүй. Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.