Д.Тогтохсүрэн: Засгийн газрын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн

Д.Тогтохсүрэн: Засгийн газрын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.05.01/ танилцууллаа.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлгийн ээлжит хурал хуралдаж дууслаа. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн газраас боловсруулсан Үндсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн бол хоёрт, зарим оронд суугаа Элчин сайдуудыг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Өнгөрсөн наймдугаар сард УИХ 34, 54 дүгээр тогтоол гаргаж, УИХ-ын 01, 02 дугаар дүгнэлттэй холбогдуулж, Засгийн газар, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулж ир гэж Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газраас удаан хугацаанд судалгаа хийж, ҮХНӨ оруулах төслийг боловсруулж, иргэн, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас тодорхой санал оруулж, хэвлэлд танилцуулга өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Засгийн газраас УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн намуудад намын бүлгийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж ирүүлээч гэдэг саналыг ирүүлсэн. Бид бүлгийн хурлаараа ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж, Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн. Төслийг дэмжиж байгаа учраас УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөх санал ирүүлсэн. Дөрвөн улсад суух Элчин сайдыг томилохыг зөвшилцөх санал ирсэн. Үүнд, Канад улсад Э.Сарантогос, Япон улсад Б.Баярсайханыг, БНСУ-д Б.Энхбатыг, Куб улсыг С.Золжаргалыг томилох санал байгаа. Эдгээр саналыг сая хэлэлцэж, зөвшилцөхийг дэмжиж байна гэж шийдвэр гаргасан.

Хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал бол манай намаас дэвшүүлж буй нэг том зорилтын нэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орж буй хүний эрхийн чиглэлээрх хүний үндсэн эрхээ хангах төслүүдийг бүлгээс бүрэн дэмжинэ. Нийт Журмын тухай хуулийн дагуу тооцоход хугацааны хувьд бид зургадугаар сарын 20-ны дотор амжуулна гэж тооцож буй. Нийт 30-35 хоногт багтаах боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь бүгд дэмжиж байгаа. Яахав гишүүдийн тоотой асуудалд багасгавал яасан юм бэ гэж ярьж буй. Бид энийг хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой.

МАН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагагүй гэж үзэхгүй байгаа. Бүгд лэмжиж байгаа. Гэхдээ дотор нь өөр саналтай гишүүд байгаа. Явцын дунд саналаа нэгтгэх бүрэн боломжтой. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд тооноос гадна тогтолцоо байгаа юм. Сонгууль болохын өмнө хуулиа, тогтолцоогоо өөрчилдөг. Эрх баригчид өөртөө зориулж, сонгуулийн хууль гаргалаа гэж шүүмжилдэг. Ийм асуудал гаргахгүй нь тулд л энэ өөрчлөлтийг хийж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилтой холбоотой асуудлыг УИХ хэлэлцдэггүй, Засгийн газраас асуух нь зөв байх. Би анх удаа сонсч байна. БНСУ дахь Элчин сайд Б.Энхбатын асуудал ч бас адил.

Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой 18 санал тавьсан гэж ойлгосон. Бид бүх асуудлыг авна гэж байхгүй. Ердийн хууль биш. Засгийн газар нэлээд нухацтай хандах болов уу. Өргөн барихаас өмнө боловсруулахаас эхлээд бүх процесс нь хуульчлагдсан хууль. Журмын тухай хуулийн хүрээнд асуудлыг авч үзнэ. Бүх шатны шүүхэд явж байгаа хэрэг маргаан хүний эрхтэй холбоотой асуудал. Тэгэхээр зөвхөн ХЭҮК-оос Үндсэн хуулийн цэцэд тавьж байгаа асуудлыг л хэлэлцэнэ гэж ойлгож байна. Түүнээс хүний эрхтэй холбоотой бүх асуудлыг ҮХЦ хэлэлцэх боломжгүй. Тэр бол шүүхийн асуудал.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.