Монгол улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийг тодорхойлж баталсан. Мөн урт дунд хугацааны хөгжлийн бодлого стратегид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилтуудыг тавьж ажиллаж байгаа бөгөөд, 2019 оноос хойш Уур амьсгалын Ногоон Сантай хамтран олон төсөл, хөтөлбөр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол Улсын хувьд ҮТХН-ийн зорилтоо 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын 407 дугаар тогтоолоор баталж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг ердийн нөхцөлтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Эдгээр зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход эрчим хүчний эх үүсвэрүүдийг хатуу түлшнээс бусад эх үүсвэрээс гаргадаг болгох, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, барилга байгууламж, зам тээвэр, олборлох аж үйлдвэрийн салбаруудын техник технологийг шинэчлэх, эдийн засгийг бүхэлд нь байгаль экологи, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, шинэ арга технологийг нутагшуулах замаар өртөгийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх суурь шилжилтийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эдгээр зорилтуудыг 2030 он гэхэд бүрэн биелүүлэхэд нийт 11.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байна. Энэ санхүүжилтийг бид өөрсдийн дотоод нөөц бололцоо болон Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Дасан Зохицолтын Сан, Уур амьсгалын ногоон сан зэрэг НҮБ-ын УАӨ-тийн суурь конвенцийн санхүүжилтийн механизмуудаар дамжуулан авч Монгол улсын үндэсний эрх ашиг, хөгжлийн бодлогод нийцсэн тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар дээрх санхүүжилтийн 70 хувийг босгох боломжтой гэсэн тооцоо гарчээ.
УАНС-ийн эхний хөтөлбөр 2019-2023 онд хэрэгжиж, Монгол улс 460 сая ам. долларын санхүүжилттэй 20 төслийг тус санд батлуулсан. Гэсэн хэдий ч эдгээр төслүүдийн гуравны нэг нь ажил хэрэг болж, үлдсэн хэсгийг цаашид хэрэгжүүлэхэд өрийн тааз, цар тахал, түүний дараах эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт, гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалан тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд дээрх төслүүдийг Үндэсний хөтөлбөр-2т үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, мөн шинээр эхлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг цаг хугацаанд нь бодитой ажил хэрэг болгох, санал санаачилгуудыг дэвшүүлсэн, алдаанаасаа сургамж авсан онцлогтой Үндэсний Хөтөлбөр-2 болно гэж үзэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.