Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна. УИХ, ЗГ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн үе үеийн удирдлагууд, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 380 гаруй төлөөлөл уригджээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Улаанбаатар” илтгэл тавьсан. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нийслэлийг хөгжүүлэх боломжит шийдлүүд, Засгийн газраас дэмжлэг үзүүлж буй Улаанбаатар хот руу чиглэсэн бодлогын ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан нэг заалт нь нийслэлтэй холбоотой юм. “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ” гэж өөрчлөх саналыг Засгийн газраас тусгаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдардаг. Монгол Улсын ДНБ-ий 63 хувийг үйлдвэрлэж, их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хуримтлалын 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76, нийт автомашины 84 хувь нь нийслэлд төвлөрдөг. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрнэ. Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа зэргийг Ерөнхий сайд онцлоод энэ бүхнийг шийдэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг дурдав.
Улаанбаатар хотын хүндрэлтэй асуудал бүрийг зөвхөн нийслэлийн асуудал гэж үзэхгүй, харин олон талт цогц асуудал гэж үзэж буйгаа тайлбарласан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-д тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хөдөө, орон нутгийг хөгжүүлэх нь ч нийслэлийн төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтойг Ерөнхий сайд онцолсон.
Засгийн газраас нийслэлийн удирдлагуудтай хамтарч “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд”, “Сэлбэ сэргэлт” төсөл, “нийтийн тээврийн шинэчлэл”-ийг хийж эхлээд буй. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа 1213 км авто замыг хооронд нь холбоход шаардлагатай 225 км авто замын бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд хийх шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Өнгөрсөн хугацаанд хоорондоо холбоогүй асар их замыг төлөвлөлтгүй барьсан нь түгжрэлийн бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбох нь түгжрэлийг бууруулах гол хүчин зүйл. Энэ бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана. Хамгийн гол нь нийслэлчүүдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хандлагын өөрчлөлт туйлын чухал гэдгийг ч тэрбээр хэллээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.