Ж.Батзандан: Ерөнхий сайдыг зайлуулах асуудлыг хөндөнө

Ж.Батзандан: Ерөнхий сайдыг зайлуулах асуудлыг хөндөнө

УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангын байр, суурийг сонслоо.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Би энэ асуудлаар байр, сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын нэг хувийн компани Засгийн газрын шийдвэрийг үндэслэж авсан. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь өөрөө зөрчилтэй, тодорхойгүй, луйврын шинжтэй, хууль зөрчсөн харагдаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгож өгөөч гэдэг асуудлыг удаа дараа намын бүлгүүдэд тавьсан. Үүний дараа Засгийн газраас ажлын хэсэг гаргаж ажилласан. Харин Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д танилцуулаагүй байна. Ний, нуугүй хэлэхэд Засгийн газрын ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулахаас зугатаж байна гэж харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, хулгайлж авсан хүмүүстэй Засгийн газрын ажлын хэсэг нэгдэж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд шударга ёс тогтооно гэж УИХ-д суусан. Түүнээс биш Ардчилсан, Ардын нам хоёр ээлжилж хулгай хийнэ гэж улс төрийн сонгуульд ороогүй. Засгийн газрын ажлын хэсэг дүнгээ танилцуулахгүй бол УИХ ажлын хэсэг байгуулаад уг асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Эцсийн цэгийг тавих ёстой. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хулгай хийдэг 1990 оны арга хэлбэр байдаг. Яг тэр арга хэлбэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгай хийлээ. Үүнийг тодорхой болгох ёстой.

-Уг нь танай нам эрх барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг зарах шийдвэрийг гаргасан шүү дээ?

-Сонгуулийн өдрийг далимдуулж Засгийн газрын гишүүн Б.Болор тэргүүтэй нөхдүүд ийм шийдвэр гаргасан байсан. Сонгууль болж байсан учраас ийм шийдвэр гарсаныг ч мэдээгүй. Ардын намын нөхдүүдэд хандаж би “Тэрний нам, энэний нам гэх шаардлагагүй. Хүний өөрийн гэлтгүй хулгайтай тэмц” гэж хэлсэн. Хулгайч, хулгай хийдэг нөхдүүд аль, аль нь байгаа байх. Тэднийг ялгаварлалгүй тэмцэх хэрэгтэй. Ардын нам эрх барьж байгаа учраас хулгайтайгаа тэмцэх ёстой.

-Эрдэнэтийн 49 хувийг хоёр нам дамжсан бүлэглэл зарсан байж магадгүй гээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

- Монгол улсын өмчийг хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад хулгай хийдэг болоод 10 гаруй жил болж байна. Нэр усаар нь ч хэлж чадна. Манай намаас С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс байдаг. Мөн Ардын намаас ордог хэд, хэдэн хүн байдаг. Энэ хүмүүс ичих хэрэгтэй. Монголын ард түмний өмчийг хамтарч 20 гаруй жил хулгайллаа. Одоо болих хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүд энэ улсад амьдарна шүү дээ. Монголын залуучууд уурлаж байна. Энэ улсад үргэлж хулгай гараад байвал хувьсгал хийгдэнэ шүү дээ. Дандаа л хулгайн замаар асуудлыг шийднэ гэж бодож байвал том андуурал. Ардын нам хариуцлагаа хүлээж чадахгүй бол би ч бас тэсэхгүй. Хулгайчдыг Монгол төрөөс зайлуулах дараагийн алхамаа хийх л болно. Өөр арга байхгүй.

-Засгийн газар байгуулагдсаны 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар хангалттай ажиллаж чадсан гэж бодож байна уу?

-Засгийн газрыг 100 хоногт ажиллах хугацаанд бид их тэвчээртэй ажиглаж байсан. Аливаа Засгийн газар 100 хоногийн хүрээнд бодлогоо гаргаж,  зоримог алхам хийдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Өмнөх Засгийн газрын хулгайг үргэлжлүүлнэ гээд Ерөнхий сайд нь ярьж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх, газрын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрынхаа зарим хулгайг нуугаад явж байна. Ийм байж болохгүй залуучуудаа. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат гэсэн сайхан залуус гарч ирээд шударга бус зүйлтэй тэмцэх болов уу гэж горьдож байсан. Чадахгүй юм байна. Эхнээсээ буугаад өгчихлөө энэ нөхдүүд чинь. Оффшортой тэмцэнэ гэсэн яасан бэ?. Оффшорын хуулийг батална гэсэн ч өнөөдөр яриагүй л байна. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм. Ерөнхий сайд нь Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид зарсаныг зөвтгөсөн маягтай юм ярьсан байна лээ. Тийм юм байхгүй шүү Ерөнхий сайд аа. Хулгайг хамгаалж эхэлбэл өөрийг чинь зайлуулах асуудлыг хөндөнө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.