УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр (2023.04.14) энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулгадаа, Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэс, алтны уурхайтай болж, олон улсын зах зээлд энэ чиглэлээр томоохон тоглогчдын нэг болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. “Оюу Толгой” ХХК 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн. Ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж, цаашдын таван жилд дунджаар 350 мянга орчим тонныг авах тооцоотой байна.

Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч бүрэн чадлаараа ажиллах, ингэснээр “Оюу Толгой” ХХК 5тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.  Иймд Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гүний уурхай ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор дараах асуулгыг тавьж байна.Үүнд:

1. Монгол Улсын ногдол ашиг авч эхлэх албан ёсны баталгаат хугацаа, мэдээлэл, судалгаа ( жил тус бүрээр) ;

2. 2023-2041 онуудад Монгол Улсын төсөвт орох татвар, борлуулалтын орлого, бусад орлогын талаарх эдийн засгийн дэлгэрэнгүй тооцоолол, шууд болон дам үр өгөөжийн талаарх урьдчилсан тооцоо судалгаа;

3. Гүний уурхай ашиглалтад орсноор 2023-2041 онуудад нэг жилд хэрэглэх усны зарцуулалт, ашиглалтын хэмжээ, нарийвчилсан тооцоолол, төлбөр тооцоо, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

4. Нэг жилд олборлох зэсийн баяжмал доторх алтны хэмжээ болон 1тонн баяжмалд агуулагдах бусад элементүүдийн нэр төрөл, хэмжээг тогтоох, 2023-2041 он хүртэл жил бүрээр гаргасан ойролцоо тооцооллын дэлгэрэнгүй мэдээлэл;

5. Оюу Толгой компанийн олборлож байгаа баяжмалын сорьц дээж, түүнд агуулагдах алт, мөнгө, зэс болон бусад ховор элементүүдийн хэмжээг ил тод, үнэн зөв тогтооход хамтран ажиллах чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;

6. Гүний уурхайгаас олборлож байгаа алтыг Монголбанк худалдан авах талаар Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон энэ чиглэлийн гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа эсэх талаарх мэдээлэл;

7. 2022 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт өр 33,4 тэрбум ам доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум гаруй ам доллар, Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь ( Эрдэнэс Оюу Толгой ХХК) -д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдсан 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэсэн. Энэ өр өнөөдрийн байдлаар манай нийт өрөөс хасагдаагүй байна. Үүнийг хасуулах чиглэлээр хийж байгаа ажил, түүний үр дүнгийн талаарх тайлбар;

8. Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл болон гадаадын хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой  төслийн үүссэн 12.5 тэрбум ам долларын өрийг төлүүлэх, багасгах чиглэлээр Засгийн газрын бодлого, яриа хэлцэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд;

9. Монгол УИХ-ын 2021 оны “Оюу Толгой ордоос  Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай“ 103 дугаар тогтоолыг биелүүлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх мэдээлэл зэрэг болно гэжээ.

Асуулгын хариуг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд ирүүлж, Монгол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна уу! хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд хандсан асуулгад дурдсан байна хэмээн  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.