УИХ-ын сонгуулийн ялалт, ялагдлын шуугиан намжиж, шинэ Засгийн газар байгуулагдан нэг л мэдэхнээ 100 хоногтойгоо золгох гэж байна. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэр үр бүтээлтэй ажиллаж чадсан эсэх талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодруулсан юм.
Тэрбээр “Засгийн газрыг 100 хоногт ажиллах хугацаанд бид их тэвчээртэй ажиглаж байсан. Аливаа Засгийн газар 100 хоногийн хүрээнд бодлогоо гаргаж, зоримог алхам хийдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Өмнөх Засгийн газрын хулгайг үргэлжлүүлнэ гээд Ерөнхий сайд нь ярьж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх, газрын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрынхаа зарим хулгайг нуугаад явж байна.
Ийм байж болохгүй, залуучууд аа. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат гэсэн сайхан залуус гарч ирээд, шударга бус зүйлтэй тэмцэх болов уу гэж горьдож байсан. Чадахгүй юм байна. Эхнээсээ буугаад өгчихлөө, энэ нөхдүүд чинь. Оффшортой тэмцэнэ гэсэн яасан бэ. Оффшорын хуулийг батална гэсэн ч өнөөдөр яриагүй л байна. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм.
Ерөнхий сайд нь өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид зарсныг зөвтгөсөн маягтай юм ярьсан байна лээ. Тийм юм байхгүй шүү Ерөнхий сайд аа. Хулгайг хамгаалж эхэлбэл өөрийг чинь зайлуулах асуудлыг хөндөнө” гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.