Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна. Мөн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 20 орчим асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.
Миний хувьд, Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д нийсэн албан айлчлалын талаар мэдээлэл өгнө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа. Улмаар 20 жилийн хугацаанд яригдсан 11 жил албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Нэгдүгээрт, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр болсон. Монгол Улсын тухайд хамгийн сүүлд Япон улстай энэ төрлийн хэлэлцээрийг хийсэн байдаг.
Мөн Монгол БНСУ-ын хооронд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалдаг болно. Гуравдугаарт, Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Газрын ховор элементийн чиглэлээр манай улс хэд хэдэн улстай хамтран ажиллах чиглэлийг тодорхой болгон ажиллаж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад айлчлахдаа, Монгол Улсын иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох санал тавьсан. Энэ нь үндэслэлгүй санал биш. Өмнө нь солонгосчууд Монголд визгүй зорчиж байсан. Тиймээс 2023-2025 онд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан. БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн улсын Хууль зүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Визгүй болсноор гарах үр дүн, ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал юм. Тиймээс БНСУ-ын холбогдох алба хаагчид Монгол Улсад гуравдугаар сард айлчилна. Улмаар визгүй болсон тохиолдолд хоёр улсын иргэд хооронд эерэг болон сөрөг ямар асуудал тулгарч болзошгүйг судална гэдгээ хэлсэн.
Ямартай ч саяын айлчлалын хүрээнд визний нөхцөл хөнгөрсөн. Тухайлбал, эмнэлэгт зайлшгүй үзүүлэх шаардлага иргэн болон асран хамгаалагчийн визгүй нэвтрэх боломжийг нээнэ гэдгээ БНСУ-ын талаас мэдээлсэн.
Мөн Ерөнхий сайд Солонгос улсад байгаа монгол сургуульд зочилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ эзэмшиж сурах боловсролын байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэлцэхээр болсон" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.