Халимаг эр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд дөрөвдэх хоногтоо гацаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Тэрбээр "Хилийн алба намайг нэвтрүүлэхгүй байна. Би "Чингис хаан" нисэх онгоцны буудалд дөрөв дэх өдрөө саатаж байна. Өнөөдөр намайг Казахстан руу албадан буцаахыг оролдлоо. Тэд намайг татаж, чангаан хүрэмийг минь урах шахлаа. Өчигдөр би Монгол Улсын хилийн албаны даргад хандаж, албадан гаргахыг хойшлуулахыг хүссэн өргөдөл илгээсэн. Улмаар пүрэв гараг хүртэл хойшлуулж байна гэсэн хариу авсан.
Би Монголоос улс төрийн орогнол хүсэх гэж ирсэн. Гэхдээ тэд миний өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаануудыг судалсан бололтой. Би Оросын эрх баригчдын эсрэг олон жилийн турш Ойрад-Монгол болон бусад үндэсний цөөнх иргэдийн эрхийн төлөө дуугарч ирсэн. Харин Монголчууд Оросын эрх баригчдад таалагдах зүйл хийх гэж байгаа бололтой" гэсэн байна.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал тул Хил хамгаалах ерөнхий газраас тодруулаарай. Албан ёсны улс төрийн орогнол хүсээгүй" гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.