Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэБүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сү-гийн урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 13-17-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэБНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё нарт тус тус бараалхана. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Гадаад хэргийн сайд Пак Жин, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын Бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус улсын томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно.
Энэ хүрээнд манай Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцохоор төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас аялал жуулчлалыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллана.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.