Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголд дуудагдсан 134 гэрчийн 81 нь оролцжээ

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголд дуудагдсан 134 гэрчийн 81 нь оролцжээ

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.02.08) өндөрлөв.

Гурван өдөр үргэлжилсэн сонсголын хоёр дахь шатанд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн; Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн үйлчилгээ, зарцуулалт; 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцаж, нотлох баримтын хүрээнд гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан юм. Сонсголын энэ шатанд нийтдээ 134 гэрчийг дуудсанаас 81 нь оролцсон бол 27 гэрч албан бичиг, өргөдөл, хүсэлтээр оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. Сонсголын үйл ажиллагааг МҮОНТВ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд хууль хяналтын байгууллагууд, Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар оролцсон байна. 

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ, сонсголын гурав дахь шатанд хэлэлцэх асуудал өмнө нь аудитын хяналт, шалгалтаар орж байгаагүй, олон нийтэд мэдээлж байгаагүйгээрээ онцлогтойг тэмдэглэж байв. 

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.