Нийгмийн шударга ёс, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хамгийн том саад бол авлига мөн. Албан тушаалтнуудын оролцоотой авлигын томоохон хэргүүд олон нийтийг бухимдуулж буй энэ цагт төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоохын тулд УИХ-аар Авлигатай тэмцэх багц хуулийг хэлэлцэж байгаа юм. Хойч үеийн боломжийг хулгайлж буй хээл хахуулийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд авлигачдад хуулийн хатуу хариуцлага тооцох ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Энэ хүрээнд, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж нэмэлт, өөрчлөлт оруулснаар ялын хэмжээг нэмэгдүүлж, нийтийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгажээ.
Авлигачдад оногдуулах ялыг чангаруулж, ямар ч хэлбэрээр завших боломжгүй болгосноор төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага нэмэгдэж, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны нийтлэг зарчмууд хангагдах суурь болно гэдгийг УИХ-ын дарга онцлов. Мөн дээрх багц хуулийн хүрээнд нийтийн сайн сайхны төлөө нийгэмд бугшсан хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалах, иргэдийн оролцоог түшиглэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцсэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагын чиг үүргийг шинэ түвшинд гаргаж, олон жил нийгэмд бугшсан асуудлыг нийтэд дэлгэж, хууль бус үйлдлүүдийг мөрдөн шалгаж, илрүүлэхэд Авлигатай тэмцэх багц хууль үр дүнгээ өгнө гэж харж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.