Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан болон Бүгд Арабын Бүгд Найрамдах Сири Улсын Ерөнхийлөгч Башар Аль-Ассад-д тус тус эмгэнэл илэрхийллээ.
ЭМГЭНЭЛД:
БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан хаягласан эмгэнэлд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд хэсгийн мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсдэж, гэмтсэнд Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж, уй гашуу, гарз хохирлыг Бүгд Найрамдах Турк Улс бүх нийтийн хүчин чармайлтаар богино хугацаанд даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Сири Улсын Ерөнхийлөгч Башар Аль-Ассад-д хандсан эмгэнэлд “Арабын Бүгд Найрамдах Сири Улсад газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсан тухай мэдээг гүнээ харуусан хүлээн авлаа.
Газар хөдлөлтөд өртөж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнынхонд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Гамшгийн хохирлыг аль болох хурдан арилгаж, шархадсан хүмүүс хурдан эдгэрч, нүүн суурьшиж буй ард иргэд хэвийн амьдралдаа даруй эргэн ороосой хэмээн хүсэж байна” гэжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.