Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.18) хуралдаан 15 цаг 49 минутад 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээлэл сонсохоор байв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар УИХ-ын Байнгын хорооны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5-д “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Засгийн газрын гишүүний мэдээлэл, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайлан, мэдээллийг сонсох эрхтэй” гэж заасны дагуу “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг хуралдааны эхэнд сонсоно гэж танилцуулав.
Мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр, “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6%, ус, дулаан дамжуулах шугам 52.1%, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6%, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.
Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тус тогтоолын төслийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингээд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулахаар тогтов.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.