Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын тогтоолыг батлав

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Ажлын хэсэгт өгсний дагуу дахин боловсруулж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал хураахад тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдлаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны асуудлыг нягтлан   шийдэх шаардлагатай байгааг тэмдэглэж, ноогдол ашгаар байгуулагдсан бүтээн байгуулалтын хувьцааг иргэдийн хувьцаанд шингээж эзэмшүүлэх арга хэмжээг авах, цаашид иргэдийн хувьцааны ноогдол ашгийн зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй гэсэн юм. Төрийн өмчит хувьцаат компанийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг ч дурдав. Түүний асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, иргэдийн 1072 хувьцаа бирж дээр бүртгэгдэж, эдийн засгийн эргэлтэд орсноор "Эрдэнэс Тавантолгой" ХК нээлттэй, олон нийтийн хяналттай компани болно хэмээн хариуллаа.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гишүүн О.Цогтгэрэл нар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх талаар анхааруулав.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлцүүлгээр батлах санал гаргасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусаад, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 10-нд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан. Хуулийн төсөлд, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл дадлагажихад нь зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлэх харилцааг зохицуулахаар заасныг сайд Т.Аюурсайхан илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлснийг дурдав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд, энэхүү хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцааг төлбөр хөнгөлөхөөс өөрөөр шийдвэрлэж боломж байсан эсэх, гадаадад зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийг албан ёсны зөвшөөрөлтэй болгох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийг судлах, тулгамдсан асуудлууд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар тодруулга авсан юм.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан талаар сайд танилцуулав. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан дурдлаа. Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг одоо мөрдөж буй хуульд адил хугацаагаар бодохоор заасныг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгажээ. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд шимтгэлээс чөлөөлөхөөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар, тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасан байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох боломжийг бүрдүүлсэн талаар сайд Т.Аюурсайхан танилцууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг төслүүдийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа нар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ц.Мөнхцэцэг, Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл бүрээр Ажлын хэсэг байгуулж, нягт нямбай ажиллахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болгов.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 11 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төслөөр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан талаар сайд Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нар хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийг хэрхэн хаах талаар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хувийн тэтгэврийн санг эрсдэлгүй ажиллуулах, мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тооцохыг Байнгын хороонд сануулав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.