Д.Тогтохсүрэн: Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг бүлгийн дэд даргаас чөлөөлж, М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг оронд нь сонголоо

Д.Тогтохсүрэн: Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг бүлгийн дэд даргаас чөлөөлж, М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг оронд нь сонголоо

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.01.09/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг чөлөөлөх томилох тухай, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх, Оффтейк гэрээгээр баригдсан Төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг Засгийн газрын гишүүнээр томилосон учраас бүлгийн дэд даргаас чөлөөлж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг бүлгийн дэд даргаар сонголоо.

Хоёрдугаарт, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга болсон. Тус байнгын хороо маргааш хуралдах учир олонхын бүлгээс байнгын хорооны даргыг нэр дэвшүүлэх учиртай. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүллээ.

Гуравдугаарт, Оффтейк гэрээгээр байгуулсан Төмөр замуудын явц, үр дүн, санхүүжилттэй холбоотой асуудлуудын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонслоо. Зүүнбаян, Гашуунсухайт, Богдхан зэрэг төмөр замуудын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга замуудын талаар бүлгийн хурлаар ярилцаж, гурван чиглэлийг өглөө. Үүнд Зүүнбаян болон Тавантолгойн төмөр замуудын үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах, дээрх төмөр замуудын холболтуудыг яаралтай дуусгах, Богдхан төмөр замын үнэ өндөр байна. Үүнтэй холбоотой тус төмөр замын үйл ажиллагааг түр зогсоож, үнийг бууруулах, чиглэлийг бүлгээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод өглөө” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.