Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр (2023.01.07) “Отгонтэнгэр” Их сургуульд боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, сурагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд зорилготой энэхүү мэтгэлцээнд нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдөж байна. Баг тус бүр гурван гишүүнтэй ба Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцож байна.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэд багш “Үндсэн хууль бол алганд багтсан эх орон” гэж хэлсэн байдаг. Харин Эх орны эзэд болсон хүүхэд залуус та бүхний мэдлэг, боловсрол, авьяас, чадвараар эх орны ирээдүй тодорхойлогдоно. Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж байгаа энэхүү мэтгэлцээн нь шинэ мэдлэг, мэдээллийг үе тэнгийнхэндээ түгээх, зөв үлгэрлэл үзүүлэх, улмаар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, өөрийгөө таньж мэдэн, дэлхийд үнэлэгдсэн Монгол иргэнийг бэлтгэхэд ач холбогдолтой юм гэлээ.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн нийт 20 орчим шийдлээр мэтгэлцэх ба оролцогчид нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдөж, шилдэг гурван багийг 2023.01.09-ний өдөр тодруулна. Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх Т.Баярмаа, Отгонтэнгэр Их Сургуулийн ректор Н.Энхзаяа, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн С.Жаргалсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.