Ирэх оны хоёрдугаар сараас нүүрсийг цахимаар нээлттэй арилжина

Ирэх оны хоёрдугаар сараас нүүрсийг цахимаар нээлттэй арилжина

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.19/ хуралдаанаар  Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Дэлхийн банкны зүгээс 2018-2020 онд Монгол Улс дахь тээвэр, логистикийн эрэлт нийлүүлэлт, тэр дундаа махны тээвэрлэлтийн судалгааг хийсэн бөгөөд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчид хүрч буй нийт өртгийн 30 орчим хувийг зөвхөн тээвэр, логистикийн зардал эзэлж байгааг Н.Учрал сайд дурдаад Монгол Улс логистикийн гүйцэтгэлийн индексийн үзүүлэлтээр дэлхийн 160 орноос 130 дугаар байранд байгаа нь тээвэр, логистикийн сүлжээг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг харуулж байна. Иймд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "олон улсын болон бүс, бүс нутгийн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг үе шаттай барьж байгуулж, хөрш орнуудын сүлжээтэй холбосон байна" гэж заасны дагуу авто замын сүлжээг сайжруулан логистикийн жишиг төв байгуулах зорилт тавьсан гэж байлаа.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банкны баг хамтран төслийн судалгааг 2020 оноос эхлүүлэн зохион байгуулж ажилласан. Энэхүү төслийн хүрээнд улсын чанартай 311 километр авто замд их засвар болон ээлжит засвар, 51 километр авто замыг шинээр барих, бүсийн хүрээнд тусгай горим шаардах мах, махан бүтээгдэхүүний төрөлжсөн жишиг логистикийн төвийг Өвөрхангай аймагт байгуулах бөгөөд дэвшилтэт технологид суурилсан үндэсний логистикийн платформыг хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна гэв.

Дэлхийн банкнаас авч ашиглах зээлийн эх үүсвэрийн 100 сая ам. доллар нь хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх бүхий нэн хөнгөлөлттэй зээлүүдээс бүрдэх ба жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин /SOFR/ ээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, 5 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 30 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй гэж төслийн танилцуулгад дурдсан.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хороод Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүд логистикийн төвүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах боломжтой эсэх, гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа замын өртөгийн талаар Засгийн газрын гишүүд болон Ажлын хэсгээс тодруулж байлаа. Мөн шинээр тавигдах замын маршрут нь улсын хөгжлийн зорилттой нийцэж байгаа эсэх, логистикийн төвийг байгуулахад газар зүйн байршил нь оновчтой буй эсэх, зээлийн хэмжээ улсын өрд хэрхэн нөлөөлөх талаар асуулт асууж, хариулт авсан. Түүнчлэн төслийн тодорхой хэсгийг эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн Сэлэнгэ, Төв аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх, мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын ерөнхий нөхцөл, зорилго, чиглэлийг тодорхой болгоход онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүд олон улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн талаар ярьж байхад эмэгтэй малчдын асуудал ямар хамааралтай талаар тодруулснаас гадна зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хувьд төсөв, эдийн засгийн үр ашгийн тооцоо байхгүй, гадаад валютын ханш өсөж, төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед ам.доллараар авсан зээлийг хэрхэн төлөх талаарх тооцоо дутуу байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Засгийн газар дээрх асуудлыг гүйцээн боловсруулан дахин оруулж ирэх хүртэл асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа.

Дараа нь Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.  

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

“Ухаалаг засаг-2 төсөл” нь Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын дараах баримт бичигтэй уялдаж байна. Үүнд:

·      Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 5.3-т ”Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.” гэж;

·   Зорилт 7.5-д “Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадварыг бий болгоно.” гэж;

·   Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-д “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” гэж;

· Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн 6.1-д “Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулна.” гэж тус тус заасан.

Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээг цахимаар хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Энэхүү “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийж, тус банкны Захирлуудын зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай гэлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм. Байнгын хороод Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

УИХ-ын гишүүд төслийн хүрээнд ямар ажил хийгдэх талаар тодруулж байлаа. Сайд Н.Учралын мэдээлснээр, Дэлхийн банкны “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн хүрээнд тусгай зөвшөөрлийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мөн худалдан авах ажиллагааны цахим порталыг шинэчлэх ажлыг хийгдэх юм байна. Яамдаас олгодог тусгай зөвшөөрлүүд болон Улаанбаатар хотоос олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь нэгтгэсэн платформыг үүсгэх бөгөөд түүнийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг нь хангах, мэдээллийг нэгтгэж хадгалах, хамгаалахтай холбоотой төсөв санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлэхээр “Ухаалаг засаг-2”-ын арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан аж.

Нүүрсний худалдах, борлуулах, тээвэрлэх бүх түвшин автоматжиж, цахимаар гэрээгээ хийдэг болж, энэ нь гааль, татварын нэгдсэн системтэйгээ холбогдох ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүд төслийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний зардал хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандсан бөгөөд 25 хувь хэмээн оруулж ирсэн зардлын хэмжээг 10 хувь хүртэл бууруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.