Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ.
Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа.
Ард түмэнтэйгээ хамт улсынхаа нэрээр бонд босгож, бүлэглэлийн зарчмаар хувааж, эх орноо дампууруулсан Хөгжлийн банкны хулгайг илчилж, 805 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, “Чингис бонд”-ын хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа.
Ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна.
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгой, Хөгжлийн банк, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой дээр эрх ашиг нь зөрчигдсөн авлигачдын амь нь тэмцэж, бүх хүчээрээ эргэн ноцож буйг би бүрэн ойлгож байна.
Нэг цаг хугацаанд олон авлигын хэрэг давхцан шалгагдах нь улс төрийн хувьд эрсдэлтэй гэдгийг ч гүнээ ухамсарлаж байна.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ.
Яагаад гэвэл, Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм.
Тийм ч учраас уул уурхай, тэр дундаа нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын бүтэн сүлжээ амь бөхтэй оршин тогтнож байна. Энийг л би нам дамнасан МАНАН бүлэглэл гэж томъёолж байгаа юм.
Нүүрс болон зэсийн судсыг авлигаас бүрэн чөлөөлөхгүйгээр Монгол Улс хөгжил дэвшлийн тухай, иргэдийн баян, ядуугийн ялгаа хэт гүнзгийрсэн орлогын тэгш бус байдлыг арилгах тухай, ард түмний сонголт мөнгөнөөс ангид байж, шударга төр засаг байгуулах тухай, Үндсэн хуулиндаа тунхагласан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох тухай ойлголт байх ямар ч боломжгүй нь гашуун бөгөөд бодит үнэн билээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш яг 30 жилийн хугацаа өнгөрлөө. Ардчиллын 30 жилийн заагт дэлхий дахиныг хүндрүүлсэн цар тахал, дайн зэрэг томоохон сорилттой нүүр туллаа.
Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд дараахь гурван эрхзүйн суурь өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна.
Нэг. Орлогын тэгш бус байдлыг арилгах
Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй ээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын баялаг хэсэг бүлэг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй. Засгийн газрын УУЛ УУРХАЙН далд эдийн засгийг ил болгохын төлөөх тэмцэл ч үүнтэй л холбоотой.
Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн.
Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно.
Хоёр. Иргэний төлөөлөх эрхийг хангах
Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болоод удлаа.
Энгийн иргэн, хоёр том намын гишүүнчлэлгүй нийгмийн сонирхлын төлөөллүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл парламентад сонгогдох нь өдрийн од харах мэт ховор байсныг өнгөрсөн 30 жилийн түүх хангалттай нотлоно.
Ардчилал бол эрх мэдэл, эд хөрөнгө хэт цөөнхөд төвлөрснийг эсэргүүцэж гарч ирсэн засаглалын хэлбэр юм. Энэ утгаараа парламентын ардчилал бол төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллага бүрэн төлөөлөх ёс зүйн өндөрлөгийн тухай ойлголт билээ.
Тийм ч учраас сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх зорилгоор үндэсний их зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж, иргэний төлөөлөх эрх, иргэний хяналт тавих эрхийг өргөтгөх эрхзүйн цогц шинэчлэл хийхийг Улсын Их Хурлын эрхэм гишүүд, улс төрийн нийт намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэддээ уриалж байна.
Гурав. Хариуцлагын тогтолцоог чангатгах
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байна. Дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна.
Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгаж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж байна. Үүнд:
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тасдаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй ээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх болно гэдгээ дахин илэрхийлье.
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай!
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.