“Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 12 цаг 00 минутад эхэллээ.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт шагналтнууд, Монгол Улсын үеийн үеийн Ерөнхийлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан оролцсон юм.

Хүндэтгэлийн чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын Шинийн 1-нийг Монголын төр, ард түмэн Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Энэ жилийн хувьд Эзэн хааны маань түмэн өлзий гийсний 860 жилийн ой давхцан тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа зарлан хуралдуулж байгааг онцлон тэмдэглэв.

 

/Улсын Их Хурлын даргын  хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу/

Мөн Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан, хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр  оруулсан билээ. Чухам тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм. Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Чингис хааны байгуулж төлөвшүүлсэн төрт ёсны тогтолцоо, зарчим, төрийн ёс бэлгэдлийн үзэл санааг Монгол Улс үе үеийн Үндсэн хуулиуддаа тусган өнөөг хүртэл уламжлан ирсэн билээ. Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх, төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болгон мөрдүүлэх явдал нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцолсон юм.

Дараа нь  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. /Монгол Улсын Ерөнхийлөгчийн  хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүмүүн, монгол түмний өнө мөнхийн бахархал, Их Эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулсан явдал нь Мөнх тэнгэрийн хүчин дор олон улс үндэстэн эв найрсалтайгаар зэрэгцэн орших урьд хожид дэлхийн түүхэнд тохиож байгаагүй аугаа их үйл хэргийг эхлүүлсэн. Түүний цогцлоон байгуулсан Их Монгол Улс дэлхийн түүхийн хоёр зууныг “Монголчуудын зуун” болгон хүн төрөлхтний түүхэнд үлдээж чадсаныг онцлон тэмдэглэв.

Мөн 2005 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд “Их Монгол Улс  Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ Өрнө, Дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэснийг дурдаж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Өнөөдөр монголчууд бид Эзэн хааныхаа энэхүү билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж, төр улс, түмэн олноороо улс монголынхоо төлөө хичээн зүтгэж, хувь заяандаа эзэн болох аваас их үйлсийг бүтээж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлж чадна гэдгийг тэмдэглээд Монгол хүн бүр Эзэн Чингис хаанаа хүндэтгэн дээдэлж, бишрэн шүтэж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ зүрхний тольт, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, эцэг өвгөдийнхөө байгуулсан Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг түүхэн энэ өдөр ард иргэддээ уриалснаар хүндэтгэлийн чуулганы хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.