Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид

Жак Уэтерфорд: Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг. Та бүхэн энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Жак Уэтерфорд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө, Монгол төрийн хүндэт түшээд ээ.

Дэлхийн түүхнээ аугаа баатрууд нь ямагт хууль ёс тогтоогчид байдаг. Шагжамуни Будда хүн төрөлхтөнд Гэгээрлийн ном буюу хуулийн хүрдийг үлдээсэн бол Күнз өрх гэр болон төрийн харилцааг зохицуулах иргэний хуулийг бүтээж өвлүүлсэн.

Моисей жүүдүүдийн явдал суртлыг зохицуулах бурхны хуулийг үлдээв. Есүс нь Христийн шашинтнуудад хуулийг түгээж, зөнч Мухамедаар агуу шаждын хууль журам бүтээгчдийн үе дууссан.

Чингис хаан шинэ шашин зохиогоогүй. Харин мөнх тэнгэрийн зарлигаар бүх шашинд эрх чөлөө олгосон юм. Шашин бүр тусдаа, бурхны мутрын хуруу төдий байсныг Чингис хаан нэгтгэн, нэгэн цул болгож, хүн төрөлхтний нэгдмэл хүсэл мөрөөдөл болох даян дэлхийн энх тайвныг тогтоосон. Дэлхий өнөөдөр ч гэсэн тэр хүсэл зорилгодоо хүрэхээр тэмцсээр байна.

Чингис хааны хуулийг хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл үйлсийнхээ, Монголын их амар амгаланг тогтоох мөрөөдөлдөө тэмүүлсээр бид ес дэх зуунаа элээж байна. Ёс нь үлэмж бэлгэдлийг шингээсэн тоо. Чухам энэ зуунд монголчууд Чингис хааны мөрөөдлийг биелүүлэх замыг дөтлөн, эх дэлхийдээ тусалж чадна гэж би итгэдэг.

Монгол бол дэлхийн түүхийн голомт, Чингис хааны өлгий нутаг бөгөөд та бүхэн бол энэ түүх, энэ өвийг сахин хамгаалагчид билээ. Энэхүү агуу үйл хэрэгтээ намайг оролцуулж байгааг би нэр төрийн хэрэг гэж үзэж байна.

Сая Монгол руу ирж явахдаа, Хэнтийн тал нутаг дээгүүр нисэн өнгөрөхдөө тэртээ өвлийн өглөө Өүлэн эх хонгор хүүгээ эх дэлхийд төрүүлж байхад энэ нутаг ингэж л харагдаж байсан байхдаа гэж бодож, огшиж байлаа.

Монгол нутгийн уулс, мөнх хөх тэнгэр, толгод дээр цагаан цасан хадаг дэлгэн хүүгээ угтаж байж дээ гэж бодож суулаа. Баярлалаа. Чингис хааны ариун үндэстнийг мөнх хөх тэнгэрийн алтан гялбаа үүрд гийгүүлж байхыг ерөөн залбиръя.

Энэ бол Чингис хааны  төрсөн нутаг

Монголын сайхан нутаг.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.