Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илэйн Конкиевич болон Бангкок дахь бүсийн төвийн “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн зохицуулагч Шон Лийс нартай уулзлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай 46 жил хамтран ажиллаж буйг талууд тодотгоод, бүс нутагт хэрэгжиж буй “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн талаар ярилцлаа. Манай бүс нутагт нийт долоон улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба Монгол Улс гурван жилийн өмнө элсжээ. “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас чуулга уулзалт зохион байгуулах гэж байгаад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч нар талархаж байгаагаа илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж буйг тодотгоод, өнгөрсөн есдүгээр сард Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулсныг онцлов.
“Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнесийн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг тодорхойлох суурь судалгаа ач холбогдлоо өгнө гэдэгт талууд санал нэгдэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Бизнес ба хүний эрх” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хүний эрхийг хангах, хамгаалахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлж байлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.