Х.Нямбаатар: ФАТФ-аас тавьсан 40 шаардлагаас 39-ийг нь Монгол Улс хангаад байна

Х.Нямбаатар: ФАТФ-аас тавьсан 40 шаардлагаас 39-ийг нь Монгол Улс хангаад байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гишүүдийн ширээн дээр Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нөхцөл байдлын талаар Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд энэ танилцуулгыг бэлдсэн. Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсад Монгол Улсын Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг хамгаалсан. Энэ үеэр ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжийг 39-ийг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд "Саарал жагсаалт"-аас гарсан ч одоо өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлт ФАТФ-д тавих ёстой. ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжөө бүгдийг нь хэрэгжүүлж байж ердийн ангилалд орно. Ийм учраас баасан гаргийн хэлэлцэх асуудлын дараалалд Холбоо сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт тогтолцоог бий болгосныхоо дараа зэрэглэл ахиж ердийн улсын жагсаалтад орох боломжтой болох юм.

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэж дүгнэсэн" гэсэн үндэслэлгүй мэдэгдлийг удаа дараа хийсэнд харамсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол Улсад байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулшгүй ажиллагааны журмаар баривчлах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор Шүүхээс зөвшөөрөл авдаг тогтолцоо үйлчилж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан ёсоор Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хүний эрхийн чиглэлээр Монгол Улс ахиц гаргаж байгаа" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.