Дифляци түр зуурынх уу, удаан үргэлжлэх үү

Дифляци түр зуурынх уу, удаан үргэлжлэх үү

Б.Эрдэнэбат:  Дифляци байнгын шинжтэй байх магадлал өндөр байна

/МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор/

-Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн төвшин буурах үзэгдэл буюу дифляцитай болсон. Хэдхэн жилийн өмнө инфляци толгойн өвчин байсан юм. Инфляци өндөр байх нь бага, дунд орлоготой иргэдийн амьдралд сөрөг нөлөөтэй. Дифляци ч сайн зүйл биш. Гадаадын хөгжсөн орнуудад инфляцийн төвшнийг нам дор, тогтвортой байлгахыг зорьдог. Тухайлбал, жилийн инфляцийг АНУ-д гурав, Европын холбооны орнуудад 2.5-3 хувьд барихаар зорьж буй юм. Харин Японд дифляци тулгамдсан асуудал байдаг. Манай улс хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөр инфляцийн төвшнийг тодорхойлж байгаа.

Энэ сагсанд мах, гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн багтдаг. Одоогийнх шиг үнэ буурах үед хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн худалдан авахаа хойш тавих хандлагатай болно. Өөрөөр хэлбэл, үнэ хямдрахаар нь худалдан авъя хэмээн хүлээх сонирхол нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас, ийм үед компанийн эзэд бизнесээ өргөжүүлэх, технологио шинэчлэх хөрөнгө оруулалт хийхээ азнадаг.

Дифляци нь хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтад ийм сөрөг нөлөөтэй. ДНБ нь хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын хэрэглээ, цэвэр экспорт гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Дифляци удаан хугацаагаар үргэлжилбэл эдийн засгийн өсөлтийг хангадаг энэ дөрвөн моторын хоёр нь хүнд байдалд орно. Тиймээс үнийн төвшин буурах үзэгдэл нь зуурдынх уу, урт хугацааных уу гэдгийг судалж тогтоох ёстой. Зуурдынх бол сандрах зүйл байхгүй. Харин байнгын шинжтэй бол анхаарах нь чухал юм.

Эдийн засгийн нөхцөлөөс харахад энэ нь байнгын шинжтэй байх магадлал өндөр байна.  Эдийн засаг нийт эрэлт болон нийлүүлэлтээс бүрддэг. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсантай холбоотойгоор нийлүүлэлт багасаж байгаа. Зах зээлийн жамаар үнэ өсөх ёстой атал хямдарч буй нь эрэлт, нийлүүлэлт зэрэг агшиж буйг илтгэнэ. Энэ бол эдийн засгийн хямрал ойрхон байна гэсэн үг.

Монгол банк:  Дифляци улирлын чанартай

-Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр наймдугаар сард хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци -0.6 хувьд хүрлээ. Ингэснээр Монгол Улс ах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн түүхэндээ анх удаа дифляцийг харж байна. Хасах утгатай инфляци буюу дифляцийг товчхоноор үнийн төвшний бууралт гэж хэлж болно. Хэдийгээр зах зээлд үнийн төвшин буурах нь сайн зүйл гэж харагдах боловч удаан үргэлжилбэл энэ нь эдийн засагт олон эрсдэл дагуулдаг. Энэ утгаараа дифляци тийм ч сайн, сайхан зүйл биш юм. Тэгвэл яагаад ийм нөхцөл байдал бий болсон бэ.

Монголын эдийн засаг улирлын мөчлөгтэй. Есдүгээр сар бол хичээл, сургууль эхлэх цаг. Өөрөөр хэлбэл, малчид малаа нядлаад, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх цаг юм. Эрэлт бага байгаа үед нийлүүлэлт ихсэхээр үнэ буурдаг нь эдийн засгийн энгийн логик. Өөрөөр хэлбэл, наймдугаар сард махны нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ нь буурчээ. Харин махны үнийн бууралт инфляцид өндөр нөлөөтэй. 

Эдийн засагчид Монголыг дифляциас айх хэрэггүй гэдгийг хэлж байна. Түүнчлэн энэ удаагийн дифляци түр зуурын шинжтэй гэдгийг онцолжээ.  Тухайлбал, эдийн засагч Н.Дашзэвэг “Малчид оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх гэж малаа зардаг. Их хэмжээний мах зах зээлд нийлүүлэгдэхээр махны үнэ буурах нь тодорхой. Мөн ногоо хураалтын цаг. Тийм учраас хүнсний ногооны үнэ доод хэмжээндээ хүртэл буурдаг” гэсэн байна.

Түүнчлэн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Дифляци манай улсын хувьд түр зуурын үзэгдэл. Эдийн засаг сэргэхэд инфляциа алдчихгүй л бол өөр айгаад байх зүйл бидэнд байхгүй” гэжээ. Харин эдийн засагч Ч.Хашчулуун “Дифляци мэдрэгдэж эхэллээ гэдэг мэдээллээс болгоомжлох хэрэггүй. Улирлын шинж чанартай зүйл. Энэ жилийн хувьд оюутны тэтгэлэг байхгүй учраас малчид малаа илүү ихээр зарж байна” гэж хэвлэлд ярьсан байна.  

Сэтгүүлчийн дүгнэлт

Дифляциас хэзээ гарах вэ

Үндэсний статистикийн хороо сар бүр инфляцийг тооцохдоо монголчуудын өргөн хэрэглээний 329 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн дундаж өөрчлөлтөөр тооцдог. Сар бүр эдгээр 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний заримынх нь үнэ буурч, зарим нь өсч байдаг. Тэдгээр 329 бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтын дунджаар инфляцийн дүн гарч ирнэ гэсэн үг.

Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг мах, ногоо, хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөх нь хэрэглээний сагсанд 30 хувийн зай эзэлдэг. Тэгвэл наймдугаар сард мах, ногоо, голлох хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсан нь инфляци хасах утгатай болох шалтгаан болжээ.  Энэ бол Монголбанкнаас өгч буй мэдээлэл. Ерөөсөө Улаанбаатар хотын жилийн инфляци -0.6 хувь болж, дифляци болсны ганц шалтгаан нь мах, ногооны үнэ буурсантай холбоотой гэдгийг тоо баримтаас харж болно. Уг нь Монголбанк инфляцийг долоон хувьд барина гэсэн зорилттой байгаа юм.

Гэтэл Улаанбаатар хотын суурь инфляци 2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 0.8 хувьтай байгаа. Нөгөө зорьж байгаа тооноос бараг ес дахин бага гэсэн үг. Дээрээс нь наймдугаар сарын болон жилийн инфляци хасахтай гарчихаад байдаг. Улаанбаатар хотын инфляци гэдэг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тэр чигт нь тодорхойлно. Тийм болохоор энэ тоо баримтаар жишээ аваад байна. Одоо дифляци удаан үргэлжлэх үү, үгүй юу гэдэг асуулт энд урган гарч ирээд байгаа юм. Мэдээж удаан үргэлжилбэл хортой. Сайн л байна гэж байхгүй. Эдийн засагчдын зарим нь байнгын шинжтэй болох нь гээд халаглаад байдаг. Монголбанк болохоор зарим эдийн засагчдын яриаг иш татаж, түр зуурын, улирлын шинжтэй л гээд байна.

Хэрвээ тийм бол хамаа алга. Харин удаан үргэлжлэх шинжтэй бол яаж гарах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Өнөөх дифляци руу чирж оруулаад байгаа мах, ногооны үнэ ес, аравдугаар сард лав нэг их өсч алахгүй байх. Бүр он дуустал ч үргэлжилж магадгүй. Өнөөдөр зарим сүлжээ дэлгүүр монгол төмсийг 260 төгрөгөөр зарж байна.

Тэр ч битгий хэл төмс тарьсан ногоочид үнэгүйдлээ гээд бараг хаяж байгаа ч сураг гарсан. Шуудай төмсийг 5000 төгрөгөөр л зарж байгаа бололтой юм. Тэгэхээр энэ оныг дуустал үнэ нь өсөх нь юу л бол. Махны үнэ ч гэсэн одоо улам л хямдарна. Аравдугаар сарын дунд үе, арваннэгдүгээр сарын эхээр идэшний сезон. Тэр үед махны үнэ улам л хямдарна уу гэхээс нэмэгдэнэ л гэж байхгүй. Ингэхээр он дуустал, магадгүй хавар болтол ч өмнөх жилүүдийнхээ үнэд тулж очихгүй ч байж магадгүй.

Ингээд л үнэ нь улам буурч, хасах руу ороод байвал дифляциас гарах тухай ойрдоо ярилтгүй болох гээд байна. Дээрээс нь гайгүй өсөлттэй байгаа мах, хүнс, шатахуунаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч улам буурах магадлалтай байгаа. Засгийн газар төсвөө хэмнэж чадахгүй үрэлгэн хэвээр нь баталсан.

Харин Монголбанк мөнгөний бодлогоо одоохондоо зөөллөөгүй байна. Ядаж байхад Засгийн газар бонд гаргаад, дотоодын банкуудаас мөнгө босгохоор болчихлоо. Одоо иргэдэд зээл олдохгүй болох нь тодорхой. Ингэхээр нэгэнт бэлэн мөнгөгүй, худалдан авах чадваргүй болчихсон хүмүүс улам л хэцүүдэнэ. Худалдан авах чадвар нь буурна. Ингээд ирэхээр хүссэн хүсээгүй бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Тэгэхээр зарим эдийн засагчдын хэлээд байгаа шиг дифляци байнгын шинжтэй байх магадлал өндөр байна гэж яриад байгаа нь үнэн юм биш үү. Тиймээс дифляциас гарах арга замаа эртхэн хайж олох нь хамгийн зөв шийдэл байх. Тэгэхгүй бол Монголын эдийн засаг сүйрч эхэллээ. Удвал живэх нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.