Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Соёлын сайд Ч.Номин нар мэдээлэл хийлээ. Салбарын сайд нарын мэдээллийг хүргэе.
-Сугалаагаар цэцэрлэгт ордог тогтолцоо байх ёсгүй, хална. Монгол Улс, яагаад цэцэрлэг сургуульгүй болсон юм бэ. Шалтгааныг нь судалж үзэхэд, төрийн өмчийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагджээ. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 12 сургуулийн 2.1 га газар, найман их дээд сургуулийн 1.8 га газар хувь хүний нэр дээр буюу захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжжээ. Зарим нийтийн хэрэгцээний газруудад орон сууц барьж СӨХ-ийн нэр дээр шилжүүлсэн байна. Хөдөө орон нутгийн төрийн өмчит газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн тохиолдол байгаа. Иймд, ТӨБЗГ-аас иргэний болон хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэр гарсан.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байна. Тус хороо нь Монгол Улсыг олон улсад таниулах, соёлын аялал жуулчлал гэсэн хоёр ажил дээр голчлон ажиллаж байна. Монгол Улсыг олон улсад хэрхэн сурталчлан таниулах вэ гэдэг төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг боловсрууллаа. Цаашид Монгол Улсыг гадаадад нэгдсэн байдлаар хэрхэн олон улсад таниулах вэ гэдэг дээр Гадаад харилцааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Соёлын яам хувийн хэвшил холбоодуудтайгаа ирэх гурван жил хамтран ажиллана. Улсаа сурталчлах нэгдсэн календер гаргаж Засгийн газраар батлуулна.
-АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хүний эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. Тухайлбал, "Страто" компанийн хамаарал бүхий хүн хүртэл олон нийтийн сүлжээнд "Ерөнхий сайдыг үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж цагдан, эрхийг нь хязгаарлахгүй" гэх агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ. Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжих байх. Олон нийт сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдсан олон хүнд хамаарах хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ гэдгийг хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 219 (6951)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.