“Чингис хаан” музей маргааш нээлтээ хийнэ

“Чингис хаан” музей маргааш нээлтээ хийнэ

“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийх гэж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар мэдээлэл өгөв.

МУЗЕЙД:
  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.

“Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

“Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг музейн захирал, академич С.Чулуун тодотгов.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчилнэ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас “Чингис хаан” музейг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.