О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд орлоо

О.Цогтгэрэл: Монгол Улс өрийн хямралд орлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "2023 оны төсвийн төсөл, төсвийн төсөөлөл тойрсон асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийсэн. Түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Өнөөдөр аравдугаар сарын 3, төсөв хэлэлцэж эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төсөв хэлэлцдэг хуультай. Төсөв өчигдөр ирээд, өнөөдөр Сангийн сайдаас мэдээлэл авч байгаа тул гишүүд мэдээлэл багатай байна. Гэхдээ урьдчилсан байдлаар гуравхан зүйл хэлье. Сүүлийн жилүүд, ирэх жилүүдийн байдлыг харахад Монгол Улсад дундаж анги, дундаж давхарга гэж байхгүй болох нь. Ядуурал асар ихээр нэмэгдэх нь. 29, 30 хувь гэдэг нь хэдэн жилийн өмнө гаргачихсан тоо, шинэчилсэн тоо байхгүй.

Хоёрдугаарт, энэ бүх бодлогын цаана Зүүний нам олон жил бодлого хэрэгжүүлж, зөвхөн сонгуульд л ялж байвал, зөвхөн олон нийтийн уур амьсгалыг дарж л байвал гэдэг үүднээс 5, 10 их наядын, халамжийн бодлогууд хэрэгжүүлсээр байгаад Монгол Улс одоо өрийн хямралд орлоо. Өөрсдөө бол ДНБ-ий 50 хувьтай тэнцэх хэмжээний өртэй гэж хэлдэг. Монголбанк 60 хувь гарчихсан гэдэг. Ирэх жилийн төсвийн төсөөлөл дээр бараг 10 их наядын өр нэмж тавигдахаар байна.

Төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө мөнгөний бодлогыг хэлэлцдэг дараалалтай. Монгол Улсын валютын нөөц багасаж байгаатай холбогдуулж засгийн эрх баригчид буруутан олж туг тахих арга барилыг ашиглах гээд байна. Монголбанк доллар, экспорт, дотоод, гадаадын хөрөнгө оруулж ирдэг газар биш. Гадаад валют нь экспорт хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар нэмэгддэг зүйл юм. Энэхүү ажлыг Монголбанк биш Засгийн газар хийх ёстой. Монголбанканд бодлогын алдаатай зүйлс байгаа ч зарим талаараа төрийн алдаатай бодлого нөлөөлж байна.

Ирэх жилийн төсөвт шинэ хөрөнгө оруулалт тавигдаагүй, хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаа. Гэтэл бодит байдал дээр хөрөнгө оруулалт 2.7 их наяд үүн дээр гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр өмнөх жилээс илүү хөрөнгө оруулалт бий болж байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын урсгал зардал анх удаа 20 их наядыг давж байна” гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.