НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулган АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 13-ны мягмар гарагаас хойш амжилттай болж байна. Цар тахлын халдвар тархсанаас хойш гурван жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн 140 гаруй улсын удирдагч нүүр тулан уулзсанаараа энэ удаагийн чуулган ихээхэн онцлогтой боллоо. Энэ жилийн 77 дугаар чуулганы дээд түвшний ерөнхий хэлэлцүүлэг нь энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд 27-нд дуусах юм. Ийн тус чуулганд оролцсон удирдагчид ямар асуудал хэлэлцэж, юу амласан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЧУУЛГАНЫ ҮНДСЭН СЭДЭВ НЬ ОРОС, УКРАИНД ҮҮССЭН ХУРЦАДМАЛ АСУУДАЛ
Их Британийн хатан хаан II Элизабетийг эцсийн замд нь үдэх ёслол энэ сарын 19-ний даваа гарагт болсон нь 77 дугаар чуулганы хуваарь өөрчлөгдөхөд нөлөөлжээ. Учир нь НҮБ-д элссэн 193 орны ихэнх удирдагч нь хатан хаан II Элизабетийн төрийн оршуулгад оролцохоор Их Британийг зорьсны улмаас зарим илтгэлийн хуваарь өөрчлөгдсөн байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улс оронд нь үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар чуулганд оролцож байгаа удирдагчдын нэг болсон юм.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн Оросын холбооны улс НҮБ-ын гишүүн Украин руу довтолсон нь энэ жилийн Ерөнхий Ассамблейн уур амьсгалд муугаар нөлөөлж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчид гаргаад байна. Орос, Украинд үүссэн хурцадмал асуудал энэ чуулганаар хэлэлцэх үндсэн чухал сэдвүүдийн нэгт тооцогдож байгаа юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хүндхэн цаг үед Ерөнхий Ассамблейн чуулган болж байна. Хүйтэн дайнаас хойших геополитикийн асуудлаас үүдэлтэй хамгийн ноцтой зөрчилтэй бид нүүр туллаа. Үүний эсрэг дэлхий нийтээр арга хэмжээ авч байгаа ч зогсоож чадахгүй байна” гэж ярьжээ.
Украины асуудлаарх Аюулгүй байдлын зөвлөлийн сайд нарын хурал пүрэв гарагт боллоо. Тус хуралд ОХУ-ын төрийн томоохон төлөөлөл болох Гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцсон байна. Лавров маргааш буюу бямба гарагт үндсэн илтгэлээ хэлэлцүүлнэ.
ОХУ-ын холбоотнууд Украины эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж мэдэгдсэн. Үүнийг Байден, Макрон тэргүүтэй удирдагчид буруутгаж байна. НҮБ нь байнгын болон байнгын бус 15 гишүүнтэй. Гэвч хориг тавих эрх нь Орос тэргүүтэй байнгын таван гишүүн оронд байдаг.
“ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ”
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Бразилийн ерөнхийлөгчийн дараа лхагва гарагийн өглөө илтгэл тавьжээ. Энэ үеэр Оросыг илт буруутгасан, шүүмжилсэн өнгө аясаа шууд илэрхийлсэн байна. Мөн Хятад, Мьянмар, Талибанчуудыг хүний эрхийн эсрэг хүчирхийлэлд буруутгалаа. Тэрбээр “АНУ хүний эрх болон НҮБ-ын дүрэмд тусгасан үнэт зүйлсийг үргэлж дэмжиж, эх орондоо дэлхийн бусад оронд сурталчилна” гэж ярьжээ.
Харин АНУ-ын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын туслах Мишель Сисон энэ удаагийн чуулган өмнөх уулзалтууд шиг ажил хэрэгч, албаны хэв маягтай болохгүй гэдгийг онцлов. Тэрбээр “Ямар нэг шалтгаангүйгээр Украинд үүссэн хурцадмал байдал нь дипломат харилцаа, НҮБ-ын дүрэм, улс орнуудын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэсэн хэлэлцэх хэд хэдэн ноцтой асуудлыг бий болгосон” гэв.
НҮБ-ын гишүүн орнуудын ихэнх нь Украинд үүссэн хурцадмал байдалд ОХУ-г буруутгаж байгаа ил тод илэрхийлсэн. Тиймээс барууны орнуудын удирдагчид илтгэл тавихдаа Оросыг буруутгасан өнгө аясыг илэрхийлнэ гэж шинжээчид үзэж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон чуулганы үеэр “Бид хоёрдугаар сарын 24-нөөс хойш империализм, колоничлолын эрин үе рүү буцаж буй явдлыг харлаа. Франц улс үүнээс татгалзаж, энх тайвны төлөө тууштай тэмцэнэ” гэв. Тухайлбал, Украин руу довтолсон нь уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд дэлхийд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэх цагаас “хумсалж”, чухал асуудлуудыг хойш тавьж байна гэсэн шүүмжлэлийг бусад орны удирдагчид хэлж байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик “Орос, Украины асуудалд чуулган ихэнх цагаа зарцуулж байна. Тус зөрчил дэлхийн хэмжээнд хүнсний үнэ нэмэгдэх, үр тариа тасалдахаас эхлээд эрчим хүчний хямрал гэсэн хүнд асуудлуудыг үүсгээд байна. Эдгээрээс эрчим хүчний хямралаас үүдээд зарим орон байгалийг бохирдуулах эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь үндсэн чухал асуудлаа хөндөн ярилцахад саад болохгүй” гэв.
“ЧИНЭЭЛЭГ ОРНУУД ХЯМРАЛД ӨРТСӨН УЛСУУДАД ТУСЛАХ ХЭРЭГТЭЙ”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч:Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна. Хүнсний аюулгүй байдал бол хоёр орны зөрчлийн дараах 77 дугаар чуулганы чухал сэдэв юм. Цар тахлын улмаас их хэмжээний алдагдалд орсон дэлхийн эдийн засаг, инфляцын өсөлт, нийлүүлэлт гацсан зэрэг асуудал нь хүнсний хомсдол үүсэх шалтгаан болоод байна.
Хүнсний аюулгүй байдлын дээд түвшний уулзалтыг АНУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкен даргалах юм. Энэ талаар АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд “Хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх арга замыг дэлхийн удирдагчид хамтдаа эрэлхийлж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хөгжиж байгаа орнууд болон хандивлагч орнууд хамтран энэ асуудлыг шийдэж чадна” гэсэн юм.
Эдийн засгийн хүнд хэцүү үед чинээлэг орнууд эрчим хүчний үнийн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг, байгалийн хий болон газрын тосны хямралд өртсөн улсуудад туслах хэрэгтэй гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш чуулганы индэр дэрээс санууллаа. Тэрбээр эрчим хүчний толгой компаниудад хандан “Дэлхий хямарч, өрхийн орлого буурч байхад олон зуун хэмжээний ам.долларын араас хөөцөлдөж байгаа нь харамсалтай. Чулуужсан нүүрсний компаниудаас бүх улс ашгийн татвар авахыг уриалж байна. Энэ татвараа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хохирсон оронд болон хүнс, эрчим хүчний үнээс үүдэн өлсөж, харанхуйд амьдарч байгаа иргэдэд зориулах хоёр арга байна” гэж мэдэгдэв.
Пакистан улсад гурван сар үргэлжилсэн их хэмжээний борооны улмаас 1500 гаруй хүн нас бараад байгаа бол Нигер улсад үерийн улмаас 300 гаруй хүн амиа алджээ. Үүнээс гадна Япон, Доминиканы бүгд найрамдах улс, Пуэрто-Рико улсуудад хар салхины улмаас энэ долоо хоногт үер буугаад байна. Мөн АНУ, Хятад, Европын орнуудад ган тохиосон. Энэ бүх байгалийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэмээн НҮБ-ын тэргүүн тайлбарласан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 184 (6916)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.