Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томиллоо

Дэд сайд, төрийн нарийн бичгийн  дарга нарыг сэлгэн томиллоо

Засгийн газар өчигдөр шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж, зарим дэд сайд нар төрийн нарийн бичгийн  дарга нарыг сэлгэн томиллоо. Шинэ сайдтай болсон яамдын бүтэц бүрэлдэхүүн болон Засгийн газраас шийдвэрлэсэн томилгоог тоймлон хүргэж байна.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ажиллана.  Өмнө нь сайдаар ажиллаж байсан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын даргаар томиллоо. Харин “Эрдэнэт үйлдвэр"-ийн дарга асан Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” корпорацийн “Зэс метал” группын даргаар томилсон байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун томилогдсон.  Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар сайд асан З.Мэндсайханыг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагчаар томилоод байна.


Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллана.  Тэгвэл хуучин сайд Л.Халтарыг тус яамны дэд сайдаар томилжээ. Харин тус яамны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар сэлгэн томилсон байна.


Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ажиллахаар болсон.   Өмнө нь сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг  томилсон.  Сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилсон бол Ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Э.Болормаа нь Ховд аймгийн Засаг дарга болсон билээ.


Цахим, хөгжил харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллана.  Тэгвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар томилжээ.  Харин Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Ч.Золбаярыг томилоод байна.

 

Гурван сайд хариуцсан яамгүй, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна

 

Мөн Хот хариуцсан сайд, Боомтын асуудал хариуцсан сайд,  Олимп, спорт хариуцсан сайд гэсэн гурван  орон тоо нэмэгдсэн. Одоогоор хоёр сайд томилогдоод байгаа.  Тэгвэл Боомтын асуудал хариуцсан сайдаар  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр хугацаанд хавсран ажиллахаар болжээ. Энэ гурван сайд хариуцсан яамгүй, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Ямартай ч Засгийн газар өчигдөр дээрх зургаан яаманд томилгоо хийлээ.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дараагийн томилгоонууд ч яригдаж байна.

 

Д.Амарбаясгалан: Хуучин сайд нарын туршлагыг ашиглана

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон бол мэргэжлийн хүн. Энэ салбарт мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагатай байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байдаг Зэсийн группийг хөл дээр нь босгож ирэх даалгавар авсан. Зэсийн групп нь одоогоор цаасан дээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, энэ хүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг яамных нь дэд сайдаар томилсон. Өөрөөс нь шалтгаалсан алдаа дутагдал 100 хувь байсан гэж үзэх аргагүй. Хоёрдугаарт, Л.Халтар төмөр замд цэвэрлэгчээс эхлээд дарга хүртэл нь ажиллаж байсан. Тиймээс энэ хүний туршлагыг ашиглах ёстой.  Мөн тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд төрийн болон улс төрийн ажлын олон жилийн туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан үзээд зарим дэд сайдыг сэлгэн ажиллуулах бодлого баримталж байна. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 168 (6900)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.