Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.29) хуралдаан 18 цаг 25 минутад үргэлжилж, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах үүднээс Засгийн газрын бүрэлдэхүүнд Боомтын болон нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлыг шууд эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байхаар төсөлд тусгасан гэлээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамыг ерөнхий чиг үүргийн тэргүүлэх яам болгож, хөгжлийн бодлого төлөвлөлт, томоохон төсөл хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангахаар тусгасан гэдгийг танилцуулгадаа дурдав.
Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны чиг үүрэгт тодорхой өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах чиглэлийг функционал байдлаар эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг шинээр бий болгох зайлшгүй нөхцөл тулгарч байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 буюу 85.7 хувь нь дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулахаар тогтов.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.