Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй

Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг /2022.08.15/-т “Засгийн газрын гишүүний дөрвөөс илүүгүй нь УИХ­-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр (2022.08.22) эхэлсэн. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлыг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Бүлэг нэг асуудал хэлэлцсэн. Үндсэн хуулийн Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдөр 02 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолтой холбоотойгоор үүсч буй нөхцөл байдлын талаар бүлгийн хурлаар хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан 2022.08.15-нд болж, зарим иргэд, УИХ-ын гишүүд зэрэг хүмүүсийн гомдлын дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааны асуудлыг авч хэлэлцээд, Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2 дахь хувилбар буюу Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзэж, түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Нэгэнт Үндсэн хуулийн Цэц эцсийн хувилбараар шийдвэр гаргасан учраас УИХ түүнийг хянах, авч хэлэлцэх эрхгүй. Гэхдээ үүнтэй холбогдуулан цаашдын эрх зүйн орчин яаж явах вэ гэдэг асуудлыг ярихаас өөр аргагүй учраас МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа юм. Нөгөө талаар Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэртэй холбогдуулан Үндсэн хууль тогтоогчид буюу 1992 оны Үндсэн хуулийг баталсан депутатууд, нийгмийн зарим бүлгүүдээс тодорхой хэмжээний шүүмжлэлүүд гарч байгаа юм. Энэ асуудлыг аль аль талаас нь бүлэг ярилцсан.

МАН-ын бүлгээс хоёр чиглэлээр шийд гаргаж байна. Нэгдүгээрт, хэдий эцсийн шийдвэр ч гэсэн тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзсэн. Тийм учраас УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд тодорхой тайлбар, тодруулга хүссэн бичиг явуулсан. Цэц бүрэн эрхийн хүрээнд асуудалд хандах болов уу гэж найдаж байна. Хоёрт, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн хэлбэр биш. Гэхдээ нухацтай авч үзэх ёстой. Нэгэнт эцсийн шийдвэр учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Зарим нэг хүний яриад байгаа шиг шууд Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулаад явж болохгүй гэж үзэж байна" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.