Л.Оюун-Эрдэнэ: Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм Монгол ахан дүүсээ,

Хүндэт Баялаг бүтээгчид, олон улсын хөрөнгө оруулагчдаа!

Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа зарлаж байна.

Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшгийн хөндийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндийд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна.

Хөшгийн хөндийд баригдсан шинэ онгоцны буудлын бүтээн байгуулалт, дэд бүтэц, зураг төслийн ажил бүрэн дуусч, газар шорооны ажил эхлэхэд бэлэн болсон Богдхаан төмөр замын бүтээн байгуулалт зэрэг олон давуу тал Хөшгийн хөндийд сүндэрлэх шинэ хот уруу хөрөнгө оруулалт эрчимтэй татагдах соронзон орон үүсгэж чадна гэдэгт итгэлтэй байна.   

Монголчууд бид өмнө нь Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн олон хотыг сүндэрлүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь,  өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулж чадаагүй нь бодит үнэн билээ.

Урт хугацаагаар системтэй төлөвлөж чадаагүйгээс, засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр 1 хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна.

Их, дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэдэг болсон байна.

Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин замын хөдөлгөөнд шинээр нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ.

Суусан хотоо алхаатай хот болгож, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ хотыг цогцлоох ажлыг ийнхүү эхлүүлж байна. Цаашид ч Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймагт, Нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрхзүйн орчныг бүрдүүлэх болно.

Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй Эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтойг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн судалгаа нотолж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” бол хоосон зорилт биш юм аа. “Шинэ сэргэлтийн бодлого” бол бодит төслүүд юм. Нэг үгээр хэлбэл, эхлэх, дуусах хугацаатай, хөрөнгө оруулалтын үнэлгээтэй, тооцоо судалгаанд үндэслэсэн Прагматик бодлого юм. Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ. 

Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, дайн тулаантай, хүйтэн дайны нөхцөл байдал эргэн сэргэсэн амаргүй цаг үе боловч “Шинэ сэргэлтийн бодлого” бодитой хэрэгжиж байна. Энэ хүрээнд Боомтын сэргэлт эрчимжиж, Монгол Улс төмөр замын экспортын 4 шинэ гарцтай болох их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Боомтуудыг авто замаар холбох ажил ч жигдэрч, улс орны өнцөг булан бүрт энэ  бүтээн байгуулалтын ажил эхлэлээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэхэд бэлэн болж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэх бэлтгэл ажил эрчимжиж байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт графикийн дагуу өрнөж, гадаад харилцаа идэвхжиж, хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна.

Өнөөдөр Та бид хамтдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох их бүтээн байгуулалтын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх түүхэн мөчийн гэрч болцгоож байна. 

Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, ирээдүйн хөгжлийн төлөө бүх хүч, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориг бадрангуй зориулна гэдэгт итгэл төгс байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ манлайлан хэрэгжүүлж,

Монгол Улс мандан бадрах болтугай!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.