Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр тус байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байгааг онцлов.
Мөн энэ онд Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, өнгөрсөн зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” долоодугаар бага хурал, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдав.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлэв.
Монгол Улс цөлжилттэй тэмцэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Тэрбум мод” санаачилга гарган, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байгааг сайшааж, НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.