БОАЖЯ: ШТС-уудыг түшиглэн боловсон 00 байгуулах төслийг хэрэгжүүлнэ

БОАЖЯ: ШТС-уудыг түшиглэн боловсон 00 байгуулах төслийг хэрэгжүүлнэ

Гадна дотны жуулчдад тулгардаг нэг том бэрхшээл бол тав тухтай нийтийн 00-ын асуудал байдаг. Монгол орон өргөн уудам газар нутагтай, алслагдсан сумдад ариун цэврийн байгууламж хангалтгүй байдаг нь орчны бохирдол нэмэгдүүлж байна. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар боловсон нийтийн 00, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ. Дотоодын аялал жуулчлалд томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-уудаа түшиглэн ариун цэврийн байгууламж, боловсон 00 байгуулна. Аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршлыг тооцжээ. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг ШТС-ыг түшиглэн байгуулснаар харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна. БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ:

“Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болон өргөжүүлнэ”

гэдгийг илэрхийлсэн юм. Улсын хэмжээнд боловсон 00, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн 6 дугаар сард “Магнай трейд” ХХК нэгдэж, хамтран ажиллаж эхэлсэн. Энэ дагуу тодорхой цэгүүдэд боловсон 00, ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэн барьж байна. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил зөвхөн ШТС-уудаар хязгаарлагдахгүй. Улс орон даяар 80, 90 жилийн ойгоо хийж буй аймаг сумдын нутгийн зөвлөлүүд ч мөн идэвхи санаачилга гаргаж, аймаг, сумынхаа ариун цэврийн байгууламжийг шинэчлэхийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж уриаллаа.

Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг хамтран ажиллаж буй ААН-үүд илэрхийлж байсан юм. Санамж бичиг зурах үйл ажиллагаанд "Петровис ойл" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Насанжаргал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа нар оролцов.

Эх сурвалж: БОАЖЯ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.