Д.Мөнхжаргал: Жилийн турш олон бүтээлч ажлыг өрнүүлж, ойгоо тэмдэглэж байна

Д.Мөнхжаргал: Жилийн турш олон бүтээлч ажлыг өрнүүлж, ойгоо тэмдэглэж байна

Монгол Улсын боловсролын салбарын зүтгүүр болох дээд боловсролтой багш нарыг бэлтгэж ирсэн МУБИС-ийн 65 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхт ойг угтан тус сургуулийн захирал, доктор Д.Мөнхжаргалыг “Чухал хүн” булангийнхаа зочны хойморт урьж, ярилцлаа.

-Тун удахгүй болох гэж буй МУБИС-ийн 65 жилийн түүхт ойн баярын мэндийг уншигчдынхаа өмнөөс танд болон танай хамт олонд дэвшүүлье. МУБИС-ийн хамт олон түүхт ойгоо тун удахгүй тэмдэглэх гэж байна. Тэгэхээр энэ олон жилийн түүхийн хуудсыг сөхвөл ямар вэ?

-Юуны өмнө МУБИС-д ажиллаж байсан эрдэмтэн багш нар, ахмадууд, үе үеийн төгсөгчид, одоо ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, оюутан залуучууд, сурагчид, манай сургуулийг дэмжин хамтран ажилладаг байгуулага, хүмүүс, “Монголын мэдээ” сонины уншигчид та бүхэндээ ахмадын болон багш нарын баяр, сургуулийн 65 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайн сайхныг хүсье.

Эхлээд МУБИС-ийн түүхээс товч ярья. 1951 онд Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдаж монгол хэл-утга зохиол, тоо-физик, түүх, байгаль-химийн мэргэжлээр анги нээж найман багш, 120 оюутантайгаар анх хичээллэж эхэлсэн. Анхны захирлаар Гэгээрлийн сайд байсан Т.Машлай, анхны найман багшийн нэгээр Ж.Батмөнх гуай  ажиллаж байсан түүхтэй.

МУБИС өнгөрсөн хугацаанд нийтдээ 70 гаруй мянган багш болон бусад салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан. Тэд маань салбар бүрт л амжилт гаргаж, монгол түмний бахархал болж байдаг. Манай сургуулийн анхны төгсөгчдөөс эрдэмтэн зохиолч Л.Түдэв, хэл судлаач Чой.Лувсанжав, ардын боловсролын сайд Б.Даваасүрэн, яруу найрагч Ц.Гайтав, хөдөлмөрийн баатар Д.Базар, ардын багш Ш.Шагдар, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гунгаадаш зэрэг олон алдар цуутай хүмүүс төрсөн байдаг.

Энэ буухиаг цааш үргэлжлүүлж, урлагийн салбараас ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, С.Сарантуяа, МУГЖ Д.Сосорбарам, УГЗ Ч.Найдандорж, дүрслэх урлагийн салбараас ардын зураач Г.Одон, О.Цэвэгжав, биеийн тамир спортын салбараас дархан аварга Х.Баянмөнх,  дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.Ойдов, ардын багш Д.Сэрээтэр, утга зохиолын салбараас Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-ооёо, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, дуу хөгжмийн салбараас Чингис хаан одонт, төрийн шагналт Б.Шарав, Төрийн соёрхолт, УГЗ Н.Жанцанноров, шинжлэх ухааны салбараас академич Д.Төмөртогоо, Д.Батсүрэн, Н.Бэгз гээд маш олон алдартанг төрүүлэн гаргасан байдаг.

Манай сургуулийн  нэр Улсын Багшийн Институт, Улсын Багшийн Дээд Сургууль, Улсын Багшийн Их Сургууль гэж өөрчлөгдөж явсаар 2003 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль болсон түүхтэй. Миний хувьд 2014 онд МУБИС-ийн захирлаар томилогдон хоёр дахь жилдээ ажиллаж байна. Өмнөх үеийнхний бүтээн цогцлоосон бүхнийг, амжилт ололтыг цааш нь улам өргөжүүлэн хөгжүүлж бадрааж явах үүрэг ногдож байгааг ухаарч ажиллах ёстой гэж боддог.

Зөвхөн багш бэлтгэх салбарт бус спорт, урлаг, шинжлэх ухаан гээд бүх л салбарт чадварлаг хүний нөөцийг бэлтгэн гаргах, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын төлөө чанартай багш бэлтгэхийг зорин ажиллаж байгаа. Багш боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн болон ой угтсан ажлуудыг хооронд нь уялдуулан нэлээд хэдэн бүтээлч ажлуудыг амжуулж чадлаа. Ийнхүү манай сургуулийн хамт олон хийсэн бүтээсэн арвинтай 65 жилийнхээ ойгоо угтаж байна.

-Тухайлбал, МУБИС-ийнхан түүхт ойгоо ямар бүтээлч ажлуудаар угтаж байна вэ?

-Бид 65 жилийн ойгоо угтан жилийн турш олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа юм. Үүний нэг нь төгсөгчидтэйгөө холбоо тогтоох, тэдэнтэй хамтрах, хүндэтгэл үзүүлэх, үе, үеийн төгсөгчдөө хүлээн авч уулзах  цуврал ажил юм. МУБИС-ийн төгсөгчдийн холбооноос ардын багш, гавъяат багш нарт  хүндэтгэл үзүүлэх ёслол, хөдөө, орон нутгийн төгсөгчдийн дунд мини волейболын тэмцээн зохион байгууллаа.

Мөн ахмад төгсөгчид болон “Чингис хаан”-ы одонт төгсөгчиддөө хүндэтгэл үзүүлсэн. “Чингис хаан” одонг өнөөдрийг хүртэл есөн эрхэм хүртээд байгаагийн хоёр нь манай төгсөгч СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар юм. Тэд маань төрөлх сургууль дээрээ хүрэлцэн ирж, оюутан цагаа дурсан өөрийн амьдралын түүхэн замналаасаа хуваалцаж халуун дотно яриа өрнүүлсэнд бид бүхэн баяртай байгаа.

Түүнчлэн манай сургуулийг төгсөөд сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш нарын тэргүүн туршлага, шилдэг сургалтын арга зүй, технологийг судлан бүртгэж мэргэжлийн комиссоор үнэлүүлэн батламж олгох ажлыг өрнүүлж байна. Үүнд манай төгсөгчид ихэд урамшиж байгаа. Мөн ойдоо зориулсан төгсөгчид, оюутнуудын “Үлэмж төгөлдөр” урлагийн нэгдсэн тоглолтыг UB PALACE–ийн концертын их танхимд, спортын цэнгүүн, тоглолтыг Бөхийн өргөөнд, ойн хандивын уулзалт, цэнгүүнийг Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

БНХАУ-ын Хөх хотод багш оюутнуудын дүрслэх урлагийн үзэсгэлэн яармаг, Өвөр Монголын багшийн их сургуулийн багш нартай хамтарсан хээрийн судалгааны аялал, Японы Айчигийн боловсролын их сургуулийн оюутнуудтай “Монозүкүри” төслийн хамтарсан сургалт, Олон улсын монгол судлаачдын XI эрдэм шинжилгээний хурлын нийгэм, эдийн засгийн салбар хуралдаан, “Монгол туургатны өв соёл” оюутны бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон улсын хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Японы Нагояагийн их сургуультай “Хүүхэд судлал”, Айчигийн боловсролын их сургуультай “Монозүкүри”, Финландын Оулугийн их сургуультай “Хичээлийн технологи”, Японы Хёогогийн боловсролын их сургуультай “Тусгай хэрэгцээт боловсрол”, БНСУ-ын Чинжүгийн боловсролын их сургуультай “Бага боловсролын багш”, БНХАУ-ын Зүүн Хойдын багшийн сургуультай “Хятад хэлний багшлах дадлага”, ХБНГУ-ын ДААД-тай “Герман хэлний сургалт”, АНУ-ын Баруун Вашингтоны их сургуультай “Номын солилцоо”, “Англи хэл заах арга зүй” төслүүдийг шинээр эхлүүллээ. 

Сургалтын хувьд бүрэн кредит системд шилжиж, сургалтын удирдлага мэдээллийн иж бүрэн системийг шинээр бүтээж нэвтрүүллээ. Багш нарын бүтээлийн сангийн системийг шинээр нэвтрүүлж, нийт 3600 бүтээлийг бүртгэж авлаа. Энэ систем нь багшийн рейтингийг тогтоож, аттестатчилах үндсэн функцийг давхар агуулж байгаагаараа онцлогтой.

Түүнчлэн МУБИС-ийн номын сангаас олон улсад нэр хүндтэй цахим мэдээллийн сангуудын эрхийг авч, нийт уншигчид ашиглах боломжтой боллоо. Манай улсын түүхэнд анх удаа “Тусгай хэрэгцээт боловсролын багш” болон  “Насан туршийн боловсролын багш” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн хөдөө орон нутагт дутагдалтай байгаа шатрын багш, дасгалжуулагч болон дуу хөгжмийн багшийн ангийг нээлээ.

-МУБИС Сургалт судалгаа,  инновацийн шинэ төвөө нээсэн. Мөн лицей сургууль, цэцэрлэгийн нээлтийг хүртэл хийсэн. МУБИС их өнөр өтгөн болж байх шиг?

-Сургалт судалгаа, инноваци, номын сангийн төвийн шинэ барилга маань ашиглалтад орсон. Манай сургууль БСШУЯ-тай хамтран  санхүүжилтийг нь гаргаж, гурван жилийн өмнө эхлүүлсэн ажил маань ийнхүү үр дүнгээ өгч бид өнөөдөр сургалт судалгааны байртай болоод байна. Энэхүү төв нээгдсэнээр нэгдүгээрт, оюутан багш нар сургалт явуулах, судалгаа хийх орчин бүрдэж байгаа юм. Хоёрдугаарт, инновацийн шинэ санаанууд боловсорч, шинэ бүтээл туурвилууд тэнд боловсрох болно. Ингэснээр Монгол Улсын хөгжил цаашлаад дэлхийн улс орны мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгмийн хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Үүнээс гадна өмнөх жилүүдэд манай сургууль Робокон тэмцээнд оролцдоггүй байсан бол энэ жил оюутнууд маань роботоо бүтээж оролцлоо. Сургалтын хэрэглэгдэхүүн техник хэрэгслээ бид өөрсдөө бүтээж байгааг ч энд онцлон дурьдах хэрэгтэй. Мөн сургалтад хэрэглэгдэх иж бүрэн тоног төхөөрөмж, хөгжмийн тоног төхөөрөмж, физик, байгалийн ухаанд хэрэглэдэг моноцүкүри гэх сургалтын багц хэрэглэгдэхүүнүүдийг бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байгаа. Үүнээс гадна шинэ санаа, судалгаанууд их гарч байна. Цаашдаа инновацийн бүтээгдэхүүн болгох тал руу нь чиглүүлэх хэрэгтэй байгаа юм.

Тухайлбал, Химийн тэнхимд янз бүрийн байгалийн гаралтай эрүүл мэндийн бэлдэцүүдийг бэлтгэж, дэлхийн зах зээлд нийлүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна. Өөрийн тань хэлдгээр МУБИС өнөр өтгөн хамт олон болж байгаа. 2014 онд математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей бүрэн дунд сургуулиа нээсэн бол энэ онд цэцэрлэгээ нээж, нялх балчираас настан буурал хүртэл өнөр хамт олон болсон.

Лицей бүрэн дунд сургууль, цэцэрлэгийг нээсний үр дүнд оюутнууд маань дадлага хийх боломж нөхцөл, практик ажиллагаагаа илүү хөгжүүлэх, зэрэг хөгжих бүрэн боломжтой болж байгаа юм. Түүнчлэн бүрэлдэхүүн сургуулиуд бие даасан үйл ажиллагаанд тулгуурлан хөгжих, нэгдмэл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, профессорын баг, хамтлагийг хөгжүүлэх, хамтын суурь судалгаануудыг хөгжүүлэх боломжтой болсон.

-Номын сангийн орчин их өвөрмөц юм. Тавилгынхаа дизайныг өөрсдөө гаргасан уу?

-Номын сан маань барилгын дөрвөн давхрыг дамнан байрлаж байгаа. Харин үлдсэн хэсгийг нь инноваци, судалгааны зориулалтаар ашиглах юм. Тиймээс орчныг нь зөвхөн ном хадгалдаг газар бус, сургалт судалгааны орчин болгох тал дээр анхаарч бүрдүүлсэн.Тавилга хэрэгслийг нь модоор хийж, багш оюутнуудынхаа хүчээр угсарч тохижууллаа.

Оюутнуудын эрүүл мэндэд тустай үйлчилгээ болсон гэж үзэж байгаа. Мөн инновацийн төвд маань аль хэдийнэ багш оюутнуудын шинэ бүтээл төрөөд эхэлчихсэн гэдгийг дурьдахад таатай байна. Цааш цаашдаа маш олон шинэ судалгаа шинэ санаанууд төрж гарах байх.

-Энэ төвд мөн музей байгуулна гэж сонссон юм байна?

-Музей гэхээр тусдаа танхимд байгуулах юм байна гэж ойлгож болохгүй. Бидний хувьд номын сангийнхаа хананд түүхэн зургуудаар музейгээ байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нэг үгээр хэлбэл, номын сангаар үйлчлүүлсэн хэн ч манай сургуулийн 65 жилийн түүхтэй танилцаад гарна гэсэн үг.

Мөн барилгын дөрөвдүгээр давхарт хэд хэдэн буланг байгуулахаар төлөвлөсөн. Тэдгээр буландаа түүхэн үнэ бүхий зүйлсээ дэлгэж тавиад байна. Гадаад хамтын ажиллагаа, бусад хамтын ажиллагаагаа ч тэдгээр булангуудаараа дамжуулан илэрхийлнэ. Тусгайлсан музей гэхгүйгээр номын сан маань музейн үүрэг давхар гүйцэтгэх юм.

-Төгсөгчдөө ажлын байраар хангах тал дээр сургуулийн захиргааны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Сургууль дээр оюутанд үйлчлэх алба ажилладаг. Өмнө нь сургалтын алба энэ асуудлыг давхар хариуцан ажилладаг байсан бол сургалт хөтөлбөрийн албанаас тусад нь оюутанд үйлчлэх албыг бий болгосон юм. Оюутнуудад нээлттэй суралцах, ажиллах, хөгжих төвүүдийг байгуулж байна.

Ер нь бол бид оюутнуудынхаа чадварыг улам л хөгжүүлж гаргах бодлого барин ажилладаг.  Дан хичээлдээ ямар ахицтай байгаагаар нь үнэлэх бус ер нь тухайн оюутан хувь хүн талаас нь, нийгэмшил, мэргэжлийн талаас нь яаж хөгжүүлэх вэ гээд нэг бүхэл цогц байдлаар оюутны хөгжүүлж байж хамгийн сайн гарааны багшийг бэлтгэж гаргана гэж үзэж байгаа. Тиймээс ч оюутанд үйлчлэх албыг байгуулсан.

Албаараа дамжуулан төгсөх гэж байгаа оюутнуудад зориулсан хөдөлмөр зуучлалын клубыг байгуулсан. Тэр клубээр дамжин оюутнууд янз бүрийн байгууллагуудтай хамтрах, оюутан байхдаа ажиллах, төгсөөд хаана ажиллах вэ зэрэг хөдөлмөр зуучийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Үүний үр дүнд төгсөх үед нь тодорхой байгууллагуудаас ажлын санал ирэх, гэрээ байгуулаагүй ч гэрээ байгуулах бэлтгэл ажлуудыг нь хийх, оюутан шалгаруулалт мөн хийгдээд явж байна. Одоогоор бүгдийг нь ажлын байраар хангачихна гэж бас хэлж чадахгүй. Ер нь бол манай төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал 80 гаруй хувьтай байдаг юм. Заавал багш мэргэжлээр ажиллах бус өөр бусад мэргэжлээр ажиллаж болдог давуу тал бий.

-Шавийн эрдэм багшаас гэдэг үг бий. Сайн багш л  сайн шавь бэлтгэнэ. Тиймээс ч МУБИС шинэчлэлийн хөтөлбөрийнхөө хүрээнд сайн багш бэлтгэх асуудалд нэлээд анхаарч байгаа гэсэн?

-Манайх элсэгчдийн чанарыг сайжруулах нэг том давлагааг оруулж ирсэн гэж хэлж болно. МУБИС 2013 оноос ЭЕШ-д өндөр оноос авсан хүүхдүүдийг сургуульдаа тэтгэлэгтэйгээр элсүүлж эхэлсэн.Тэд маань одоо төгсөх ангид сурч байна. Би тэдэнтэй уулзаж, зорилго, зорилт мөрөөдлийг нь сонирхсон. Тэд маш том мөрөөдөлтэй байдаг юм билээ.

Тэд боловсролын салбарт маш том давлагаа болж орж ирж байгаа. Өндөр оноотой хүүхдүүд зөвхөн боловсролын салбарт бус бусад бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж чадахаар тийм  байдал ажиглагдаж байгаа. Тиймээс бид цааш нь магистрт сургаж, гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхийг зорьж ажиллаж байна. Магистрт сурах хугацаанд нь тэтгэлгийг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөсөн.

Энэ жилийн төгсөлтөөс эхлээд манай улсын багшлах боловсон хүчинд маш том давлагаа орж ирнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байдаг. Эхнээс нь манай сайн сургуулиуд захиалга өгөөд гэрээ байгуулаад төгсөхөөс нь өмнө ажлын байрандаа урьсан тохиолдол хэд хэд байна. Эдгээр сайн оюутнуудыг  хөгжүүлж, төлөвшүүлж чанартай багш болгон гаргахын тулд шинэ хөтөлбөр боловсруулж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүргэх шаардлага тулгарч байгаа юм. 

Тиймээс Япон, Солонгос, Хонконг, Финланд зэрэг орнуудын үндэсний багш бэлтгэх их сургуулиудын төвшинд хүрэх зорилт тавьж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа.Тэдгээр сургуулиудын сайн талаас нь суралцаж, сургалтын үйл ажиллагаагаа явуулбал бид чанартай багшийг бэлтгэж чадна. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэл, дадлагын шинэчлэл, элсэлтийн шинэчлэлээ уялдаа холбоотойгоор хэрэгжүүлж, боловсролын салбарт шинэ давалгааг оруулж ирснээр улсынхаа хөгжилд маш том хувь нэмрийг оруулах болно.

-Ярилцлагынхаа төгсгөлд сургуулийнхаа бахархлуудаас дурьдахгүй юу. Тухайлбал, “Рио-2016” олимпийн анхны мөнгөн медалийг МУБИС-ийн оюутан Д.Сумъяа хүртсэн нь мэдээжийн хэрэг танай сургуулийн бахархах ёстой зүйлийн нэг яах аргагүй мөн байх?

-65 жилийн түүхтэй сургуульд маань бахархах зүйл их бий. Олон сайхан эрдэмтэн, мэргэдийг төрүүлэн гаргасан болохоор тэднээрээ бахархах нь зүйн хэрэг. Энэ жилийн хувьд Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Хаврын гоёл -2016” наадмын “Дизайны шилдэг сургууль”-иар МУБИС шалгарсан.

Хувцасны дизайн болон компьютер, график дизайны төгсөх курсын оюутнууд хамтран ажиллаж, хувцас загварын нийт 11 коллекци, графикийн үзэсгэлэнгээ гаргасан. Хамгийн гол нь, хувцасны загварт 3D технологийг нэвтрүүлсэн нь шинэлэг, содон болж чадсан. Оюутнууд маань хамтарч, нэгнийхээ хийж бүтээж буй зүйлийг дэмжиж, бүтээж туурвиж байгаа нь маш бахархах зүйл болсон. Олимпийн жил манай сургууль их, дээд сургуулиудын спартакиадын аварга болсон бахдам амжилт гаргалаа.

Мөн Олимпийн наадамд зодоглосон манай сургуулийн оюутан Д.Сумъяа, Д.Отгондалай нар медалийн тавцанд зогсож, төрийн далбаагаа мандуулж сургуулийнхаа 65 жилийн ойд гайхамшигтай бэлэг барилаа. Энэ хичээлийн жилийн нээлтийн ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар хүрэлцэн ирж олимпоос медаль хүртсэн дээрх хоёр оюутан болон бусад шилдэг оюутнуудад маань баяр хүргэж, тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг гардуулж өгсөн нь оюутнуудын маань сайн суралцах урмыг улам бадраасан.

Сургуулийн 65 жилийн ойн жил төр засгийн өндөр шагнал хүртсэн эрдэмтэн, багш нартаа баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе. 1971 онд манай сургууль 20 жилийн ойгоороо “Алтан гадас” одон хүртсэн байдаг. Харин сургуулийнхаа 65 жилийн ой тэмдэглэх есдүгээр сарын 30-ны өдөр манай хамт олон хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлж, хос одонтой болохын өлзийтэй ерөөл өргөе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.