Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар Сингапур Улсад 2022 оны долдугаар сарын 6-9-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Тео-той уулзана. Мөн Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын Үндэсний их сургуульд тус тус зочилж, эдгээр байгууллагын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна.
Энэхүү айлчлал нь АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий Сингапур Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.
Түүнчлэн, Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахыг зорьж буй болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.