УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлах ажлыг зохион байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн санал, улс төрийн намуудын “Тунхаг бичиг”, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох ажлын баг уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг энэ сарын 18-26-нд зохион байгуулахаар тусгажээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг зохион байгуулж, дүнг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын багт даалгахаар тусган, Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх 4 бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоосон гэлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, олон нийтийн санаа бодлыг тандан судлах гэдгийг хэрхэн ойлгох, ммар хэлбэрээр энэ ажлыг зохион байгуулахыг тодрууллаа.
Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "1992 оны шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 2000, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ үеэр олон нийтийн санаа бодлыг сонсохдоо Зөвлөлдөх санал асуулга явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингээд үндсэндээ ард иргэдийн олонхын дэмжлэг авсан асуудлуудаа тусган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих явцад зарим асуудлыг дутуу тусгасан байна, гүйцэд шийдээгүй байна, дахин сайжруулах шаардлага байна гэж иргэд, улс төрийн намууд, судлаач, эрдэмтэд, УИХ-ын гишүүдээс санал хүсэлт гаргасаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, УИХ-д суудалтай намын тодорхой төлөөллүүд, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулсан юм. Улстөрийн намууд, иргэд, эрдэмтэн судлаачид Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-д санал, шаардлага мөн ирүүлсэн. Эдгээр шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо судалж, энэ асуудлаар ард иргэдийн саналыг сонсох, иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буй эсэх, ямар байр суурьтай байхыг тодорхой болгох үүднээс нийслэл хот болон 21 аймагт буюу улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцүүлгээр гарсан саналуудыг нэгтгээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх төсөл боловсруулна. Хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг тогтоолын төслийн хоёрдугаар хавсралтад заасан ажлын баг зохион байгуулна. Ажлын баг хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулж, иргэдийн саналыг авахыг тодорхой журмаар зохицуулна" гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар тогтоолын төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.