УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс УИХ-д ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна.
Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн намууд, олон нийтийн байгууллага, иргэдээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн саналаа УИХ-д өнгөрсөн сард өгсөн. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг гурван удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсож, авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Уг асуудлыг өнөөдөр намын бүлэг авч хэлэлцэж, тодорхой шийдэл гаргасан. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг их чухал гэдгийг бүлгийн гишүүд хэлсэн. Ингээд МАН-ын бүлэг Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал сонсох хэлэлцүүлгийг улс орон даяар өрнүүлэх шийдвэрийг гаргалаа. Олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачилж, хэлэлцүүлэх үйл явцыг эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө. Хэлэлцүүлгийг энэ зуны туршид өргөн хүрээтэй зохион байгуулах аж.
Эрх баригч нам Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа 2019 оны өөрчлөлтийг гүйцээж,
-Парламентын тогтолцоог боловсронгуй болгох
-Хүний эрхийг одоогийнхоос илүү дээгүүр түвшинд аваачих
-Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн гурван асуудлын хүрээнд ярьж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.