УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг энэ долоо хоногт зохион байгуулж байна.
Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол лхагва гаригт (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын байр суурийг сонссон. Өнөөдөр (2022.05.27) Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран зохион байгуулсан ээлжит хэлэлцүүлгээр 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудын санал бодлыг сонссон юм.
Өнөөдрийн Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлэлцүүлгийн дэгийг танилцуулаад 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор Д.Сүхбаатарын талбайд болсон тайван жагсаал цуглаанд оролцсон иргэдийг төлөөлөн 100 мянган иргэнээс таван заалт бүхий шаардлага, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгээс гурван заалт бүхий шаардлага гаргаж УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн талаар хэлэв.
Санал, шаардлагыг УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Байнгын хороо 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоороо сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг цуврал хэлэлцүүлгүүд дууссаны дараа дүнг нэгтгэн УИХ-д танилцуулах талаар мөн дурьдлаа. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцооны болон, хүн амын тоонд харьцуулан УИХ-ын гишүүний төлөөллийг нэмэгдүүлэх зохицуулалтыг орхигдуулсан, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсран гүйцэтгэгч болох Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан гэсэн санал, шүүмжлэл сүүлийн үед гарч байна. Тиймээс улс төрийн намуудын болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаал цуглаанд оролцсон иргэдийн төлөөллөөс ирүүлсэн санал, шаардлагатай холбогдуулан эхний ээлжинд цуврал хэлэлцүүлэг хийж буйг тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон иргэдийн санал, шаардлагын дагуу эрдэмтэн судлаач, хуульчид, улс төрийн намуудын байр суурь, ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын саналыг сонсох цуврал хэлэлцүүлгүүдээс гарсан тодорхой санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг Улсын Их Хуралд танилцуулж, цаашид хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхой чиглэлтэй болно гэв.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.