УИХ-ын баасан гарагийн чуулганаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу LRT төслийг оруулж ирээгүйд зарим гишүүн бухимдаж хот, хөдөөгөөрөө талцсан юм. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын байр суурийг хүргэе.
-Хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн хувьд баталгаа гаргах хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ гурван үе шатанд 3.5 орчим тэрбум ам.доллараар бүтнэ. Бодоод үзэхэд өрийн босго давсан. Хэрэв уг төслийг хэлэлцвэл төсвийн тодотгол хууль зөрчсөн болно. Төсвийн тусгай шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэх асуудлаар хууль зөрчинө. Тиймээс Төсвийн байнгын хороо хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн.
Гурван тэрбум төгрөг хэмнэхийн тулд гишүүд асуудал үүсгэж байна. Гурван тэрбум хэмнэх гэж байгаад 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах юм уу. Баталгаа нь зээл гэсэн үг. Улсын өрийн хэмжээ нэмэгдэж байна. Үүнтэй огт нийцэхгүй учраас хэлэлцүүлэх боломжгүй. Агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит ААН-ийн дэд даргын тухай ярилаа. Би хувьдаа Б.Энхбаяр гишүүнийг бодит, судалгаатай зүйл ярьдаг гэж боддог. Тиймээс эргэж бодож үзэх шаардлагатай гэж бодож байна. Үүнийг ажлын хэсэг дээр эргээд ярилцана.
-LRT төслийг хассан учраас хуулийг дэмжихэд хэцүү байна. Ч.Хүрэлбаатар та өөрөө техник эдийн засгийн үндэслэлийг унш аа. Битгий индэр ашиглаж иргэдийн толгойг угаагаад бай. 2.8 тэрбум ам.доллараар Засгийн газар бонд гаргах гэж байгаа аятай юм ярилаа. ТЭЗҮ нь хийгдээд дууссан. 926 сая ам.доллараар хийнэ. Үүний 510 саяыг Засгийн газар баталгаа гаргаж өгөх л асуудал яригдаж байна. Гэсэн ч өрийн босго давлаа гээд хүмүүсийг айлгаад байх юм. Та ажлаа хий. Төсвийн байнгын хороо иргэдийн хүсэж байгаа төсөл арга хэмжээг Засгийн газартай хамтраад хийх л ёстой. Ч.Хүрэлбаатар дарга бүх зүйлийг болохгүй гэх юм. Та Сангийн сайд байхдаа Увсад олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан шүү дээ. Хоёрын хооронд явцуу эрх ашгийнхаа үүднээс асуудалд битгий хандаад бай. Төрд дөрвөн удаа суусан. Одоо дахин хоёр жил сууна гэнэ үү. Нийслэл хотын иргэд хүн биш, Увсын иргэд хүн юм уу. Больж үз та. Нийслэл хотын иргэдийн эрх ашгийг хангасан том бүтээн байгуулалтын ажил хийх гэхээр Увсын хэдэн нөхдөөс болж ажил урагшлахгүй байна. УИХ-ын индэрийг ашиглаж нийслэл хотын эрх ашгийг хохироох хэрэггүй. Би нийслэл хотын иргэдийн эрх ашгийн төлөө л дуугарч байна. Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэж төслийг оруулж ирэхгүй бол эсвэл Ч.Хүрэлбаатар даргыг Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөхгүй бол түр хорооны 24 гишүүн чуулганы хуралд суухгүй. Үүнийг албан ёсоор хэлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 82 (6814)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.