МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫГ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР БАТЛАМЖИЛЖ, ТАМГА ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
ТЭРЭЭР ЖУРМЫН НӨХӨДДӨӨ ХАНДАН ДАРААХ ҮГИЙГ ХЭЛЛЭЭ
АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ЭЭ, ЖУРМЫН ОЛОН НӨХӨД ӨӨ,
ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ЭЭ,
МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧИД, ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭД ЭЭ,
ХӨХ МОНГОЛЧУУД АА!
Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, үхээнц дорой байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд идэвхтэй оролцсон, итгэлтэйгээр саналаа өгсөн бүх гишүүдэд талархал илэрхийлье.
Та бүхний санал, идэвхи оролцоо нь Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон харуулсан. Ардчиллын бат цайз нь тамга тэмдэг биш үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг Та бүхэн тодоор батлан илэрхийллээ.
Та бидний гал, нар, сараа мөнхөлсөн Хөх тугийг бөхөөх санаархалд бид “үгүй” гэж хатуу хариуллаа. Та бид эв санааны нэгдэлтэйгээ нийгэмдээ баталж чадлаа.
Ардчилсан нээлттэй нийгэм, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, хүний эрх, эрх чөлөө нь монголчуудын амьдралын хэв маяг, амьсгалах агаар нь болоод 32 жил болж байна. Энэ хугацаанд бид олон бэрхшээл зовлон, хагарал бутрал, үл ойлголцол, ололт амжилт, ялалт ялагдлыг үзлээ. Олсон амжилт, хүрсэн өндөрлөг ч цөөнгүй бий. Гэвч эдийн засгийн тогтвортой хөгжил, санхүүгийн тусгаар тогтнолд бүрэн дүүрэн хүрч амжаагүй яваа нь санаа зовох эн тэргүүний асуудал юм.
Одоо бид өнгөрснөө дурсан халаглах, нэгнээ буруутгах, сөргөлдөн тэмцэхээс илүүтэйгээр ажилгүйдэл, ядуурал, хоцрогдолтой тэмцэж тусгаар тогтнол, ардчилсан тогтолцоогоо эдийн засгийн чадамжаар бэхжүүлэх нь хамгаас чухал болж байна. Бидний тэмцэл бол үгээгүй ядуурлаас хөгжил дэвшил, чинээлэг амьдралд монголчуудыг нийтээр нь аваачих болохоос монголын бусад улс төрийн хүчнүүдтэй сөргөлдөх биш.
Ирэх жилүүдэд Монголчууд нийтээрээ, хэзээ ч байгаагүй нэгдэлтэйгээр ядуурлыг ялан дийлэх ёстой. Хүн амын гуравны нэг нь ядууралд өртчихсөн байна. Ажилгүйдэл нүүрлэж, цалин орлого төгрөгийн уналт болон инфляцид идэгдэн цалин хангалтгүй болж ирлээ. Энэ нь ядуурлын төвшин лүү олон хүн, айл өрхийг түлхэх болно. Эрх баригчид гадаад нөхцөл шалтгаанууд тоочин бурууг өөрсдөөсөө зайлуулахыг байдгаараа хичээж байгаа. Сонгогчид тэднийг учирч болох бүхий л эрсдлийг зохицуулна, шийднэ гэж итгэж л саналаа өгсөн байхаа. Тэд итгэл найдварыг даах, асуудлыг шийдвэрлэх хэмжээнд ажиллахгүй байна. Харин ч хоорондоо хэмлэлдэн, дотоод зөрчилдөөнөө гадагшаа нялзаахыг чармайж, буруутныг бусдаас тодруулахаар улайрч байна.
Ядуурлыг дийлэхийн тулд ажилгүйдлийг устгаж, хангалттай цалинтай ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй. Энэ зорилтыг биелүүлэхэд хөгжлийн бодит хөтөлбөр, бүтээн байгуулалтын зоримог төслүүд, боловсруулах үйлвэрүүд, жижиг дунд үйлдвэрүүд бүхий улс төрийн бодлого, улс төрийн зориг эрмэлзлэл шаардлагатай.
Улс орны хөгжилд мөнгө санхүү гэхээсээ улс төрийн зориг эрмэлзэл чухал болохыг би өөрийн туршлагаар нотолсон хүн. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг асар их саад бэрхшээл, дарамт дундуур бодит ажил хэрэг болгосон минь надад их урам зориг өгсөн. Олон монгол залуус, инженерүүд, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бүгдээр хүчийг нийлүүлэн, эв нэгдэлтэйгээр хөдөлвөөс бүтэхгүй, шийдэгдэхгүй гэх зовлон арилж, хөгжил цэцэглэлд хүрч чадахыг бодитоор харуулсан.
Хөх монголыг нэгтгэгч их Эзэн богд Чингэс хаан бээр “улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгохыг” монгол төрийн туйлын зорилго болгож байсан нь ард иргэддээ амгалан тайван, хангалуун амьдрал авчрах утга байсан юм. Монголын уламжлал, үндэсний үзэл санааг сэргээн мандуулагч, залгамжлагч, тээгч улс төрийн хүчин болохын хувьд Ардчилсан нам 2024 оны сонгуульд ялж, улс иргэнийг амар амгалан, эрүүл саруул, боловсролтой, хангалттай цалин орлоготой хөгжингүй амьдралд хүргэх тэмцлээ одооноос эхлүүлэн эрчимжүүлэх шаардлагатай болж байна. Энэ бол монголын ард түмэн, иргэд сонгогчдын захиалга, даалгавар юм.
Ардчилсан намын ойрын зорилт болбоос юуны өмнө намын үзэл баримтлалаа сэргээн тодотгож, улс төрийн ялгарал, зорилго зорилтоо иргэд сонгогчдод ойлгомжтойгоор түгээх явдал юм байна. Өнгөрсөн 32 жилийн түүх нь улс төрийн үзэл баримтлалын өрсөлдөөн гэхээсээ сандал суудлын төлөөх тэмцэл байжээ. Энэ тэмцэлд эрх баригчид ихэнхи хугацаанд давуу тал олж авч байсан хирнээ цөөхөн жил засагласан Ардчилсан нам руу буруу болгоныг, алдаа болгоныг чихэхдээ гарамгай байлаа.
Монголчууд бидний гол алдаа нь 1992 онд Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлахдаа улс төрийн намуудад ижил тэгш гараанаас өрсөлдөх эрх зүйн чадамжийг бий болгоогүйд бий. 70 жилийн туршлагатай нам дөнгөж бий болсон шинэ намуудтай өрсөлдөх тэгш бус гарааны нөхцлийг тулгасан нь одоо ч нийгмийн гажуудлын суурь шалтгаан болсоор байгаа юм. Санхүү зохион байгуулалт, боловсон хүчин нөлөөллийн хувьд ганхашгүйгээр бэхжсэн улс төрийн хүчтэй дөнгөж байгуулагдаж байгаа намуудыг өрсөлдүүлэх зарчимгүй, шудрага бус шийдлийг Ардчилагчид сөрж чадаагүй, аялдан дагалдсны гайг одоо бид улсаараа хүртэж байна.
Бид үзэл баримтлалаараа, хөгжлийн бодлогоороо цолгорон тодорч байж Засгийн эрхийг илүү тогтвортой, үр бүтээлтэй, ард олонд өгөөжтэйгээр барих эрхээ олж авна. Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг Ардчилсан холбоо болон намд консерватив үзэл санааг шинжлэх ухааны түвшинд оруулж ирэхийг анхнаас нь зорьж байжээ. С.Зориг агсан МоАХ-ны II их хуралд тавьсан итгэлдээ: “Бидний ойлголтоор ардчилал гэдэг нь дэвшилтэт хандлагыг хэрэгжүүлэхэд хамгийн таатай нөхцөл бүрдүүлдэг, иргэн бүрийн хувийн чөлөөт байдлыг дээд зэргээр баталгаажуулдаг засаглалын хэлбэр мөн” гэдгийг цохон дурдаж байв.
Эрх баригч нам саяхан зүүний буюу социал демократ үзэл баримтлалаа хүчтэйгээр тунхаглаж байгаа энэ үед бид ч гэсэн өөрсдийн суурь үзэл баримтлал, баруун төвийн консерватив үзэл санаагаа сэргээн тунхаглах, тууштай баримтлах шаардлага үүсэж байгаа юм. Социалистууд, зүүнтнүүд төрийг данхайлгаж, бүхнийг төрд үүрүүлснээр иргэдээ халамж шүтсэн, төрийн шийдвэрийг хүлээсэн идэвхгүй бөөгнөрөл болгон хувиргаж, хүнд суртал, авилгыг тэжээн тэтгэж гааруулдаг бүтээлч бус төрийг бэхжүүлдэг нь хүн төрөлхний түүхээр нотлогдсон үнэн. Тэд баялаг бүтээгчдэд дааж давшгүй татвар, шимтгэл үүрүүлэх замаар бүтээлч бус хэсэгт халамж тараан, нойрмог байдалд оршоохыг зорьдог. Тэд төрийг бүтээгч бус хуваарилагч болгон үхшрүүлж, хөгжлийг боомилдог. Та бидний явж ирсэн нэн шинэ түүх үүнийг хангалттай нотлон харууллаа.
Бид үүний эсрэг идэвхтэй, эрх чөлөөтэй, боловсролтой, эрүүл саруул бүтээлч иргэдээс бүрдсэн баялаг бүтээгч нийгмийг цогцлоох ёстой. Бид халамжыг шүтэх үхширсэн үзлээс ангижирч ажлын байр, ахиу цалинг дээдлэгч иргэдтэй, бүтээмжтэй чадварлаг эдийн засагтай Төрийг урлах болно. Халамж гарцаагүй шаардлагатай нийгмийн бүлгүүдэд халамжыг хүртээсэн шиг хүртээх нь халамжыг хавтгайруулан алмайруулахаас түмэнтээ илүү.
Өнгөрсөн 32 жилээс бидэнд ирсэн гол сургамж бол улс төрийн нам Үндэсний эрх ашигт яв цав нийцсэн, орчин цагийн хандлагатай хөл нийлүүлэх, шинэчлэлийг уламжлалтай хослуулах замаар иргэдийн олонхийн дэмжлэгийг татах чадвартай үзэл баримтлалтай байх шаардлага одоо бидний өмнө тулгараад байна.
Харамсалтай нь үзэл санааны ялгарал үүсгэх, бодлогын хэрэгжилтдээ үзэл баримтлалаа тууштай тусгах зарчим орхигдсноос монголын улс төрийн намуудын хооронд “ялгаа байхгүй, адилхан юмс” гэх ойлголт сонгогчдын дунд үүссэн байна.
Эрх чөлөөнд дуртай, хүчирхэг чадварлаг төрийг хүсэмжилдэг, Үндэсний түүх, уламжлал, соёл, ёс заншлаа хүндэтгэдэг, эх оронч сэтгэлтэй, гэр бүлийг дээдлэх үзэлтэй, аавдаа ачлалтай, ээждээ элбэрэлтэй өссөн, үндэсний эрх ашгийг бүхнээс түрүүнд тавьдаг монгол хүний хувьд консерватив үзэл санаа нь шууд ойлгогдох, сэтгэлд нь бууж олноороо дэмжих үзэл баримтлал юм.
Хуучин социалист гэгдэж байсан Төв болон зүүн европын улсуудад Үндэсний консерватив үзэл баримтлалтай намууд амжилттай оршин тогтнож, удаан хугацаагаар сонгогчдын дэмжлэгийг хүлээж байгаа нь нэгэн ижил гараанаас хөдөлсөн манай нийгмийн хувьд сайн жишиг юм. Даяарчлал бүтэлгүйтэж, хөлд нь жижиг улсууд үрэгдэж байгаа бодит нөхцлийг тооцож үзвээс цөөн хүн амтай, урт түүхтэй, өвөрмөц соёл, уламжлалтай Монгол улс Үндэсний консерватив үзэл санааг баримталж хөгжвөөс тэсч үлдэх, хөгжин цэцэглэх нь мадаггүй үнэн ажээ.
Үндэсний консерватизм нь Үндэсний эрх ашгийг улс төр, эдийн засгийн бүхий л аргаар хамгаалах, ханган биелүүлэхэд төвлөрч, үндэсний ижилсэл, соёлын ялгаа, гэр бүлийн ариун уламжлалыг хадгалахыг зорьдог үзэл баримтлал юм. Австрийн Венийн Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны тэнхимийн Профессор, улс төр судлаач Зиглинде Розенбергер: «Үндэсний консерватизм нь гэр бүлийг нийгмийн болон үндэсний ижилсэл, эв нэгдэл, уламжлалын төв, анхдагч үүр гэж үздэг” гэжээ. Энэ бол монголын түүхэн уламжлалт үзэл баримтлал мөнөөс мөн.
Үндэсний консерватив намууд эдийн засгийг төрийн оролцоо ба чөлөөт эдийн засгийн зарчмуудыг хослуулах замаар удирдахыг чухалчилдаг. Төр цомхон чадварлаг, зардал багатай байж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг чиглүүлэхийг эрхэмлэх ёстой. Төрийн оролцоо нь төлөвлөлт, том зургийг гаргах, хөрөнгө оруулалтыг дэмжихээр хязгаарлагдаж, хувийн хэвшлээр бүтээн байгуулалт болон бизнесийг гардан гүйцэтгүүлэхийг чармайх ёстой. Орчин цагийн консерватив үзэл санаа нь чөлөөт өрсөлдөөнийг хөхүүлэн дэмждэг, эдийн засагт оролцох төрийн оролцоог хумих, зохицуулах хэмжээнд л барихыг чухалчилдаг.
Ардчилсан намын гишүүд бид анхдагч эх үзэл санаандаа тууштай байх цаг иржээ. Тэгэж байж бид бусад намаас ялгарч, ингэж байж бид улс орныг хөгжил цэцэглэлтийг цааш хөтөлнө.
Үзэл баримтлалдаа тууштай байх, ялалт байгуулахын тулд бидэнд сахилга бат хэрэгтэй байна. Ардчилал нь олонхийн шийдвэрийг цөөнх нь хүндэтгэх, дагах зарчимтай. Гэтэл олноороо шийдсэн асуудлаа эсэргүүцэн жадалж, нийгэмд буруу зөрүү ойлголт тараадаг дүрмийн бус гаж зуршил манай намд тогтсоныг хэрхэвч цааш үргэлжлүүлж болохгүй. Хэрвээ нэг асуудал дээр цөөнх болсон бол дараагийн удаад олонхи болох, гишүүдийн итгэл үнэмшлийг татахдаа л анхаарах ёстой болохоос нийгэмд зарлах нь хэнд ашигтай вэ? Бүгдээрээ хэлэлцэж баталсан Үндсэн дүрмээ ягштал мөрдөх нь сахилга бат, эв нэгдэл мөнөөс мөн. Эв нэгдэлгүй мэт харагдуулах жижигхэн ч болтугай үйлдлээс сонгуулийн үр дүн ихээхэн хамаардгийг одоо бид ойлгох цаг болсон.
Асуудал, зөрчил байгаа бол намын гишүүддээ ил тод ярь, дүрмийн хүрээнд шийд. Харин нийгэмд нэгдмэл ойлголтод хүрсэн, олонхиор шийдсэн асуудлаа нэг мөр л түгээ. Дүрмийн сахилга батгүйгээр бид хүчирхэгжиж, бат нэгдлээ хадгалж чадахгүй. Дүрмийн засаглал л биднийг хөтлөх ёстой болохоос цөөнхийн уур хилэн, бухимдал биш.
Монголчууд хүчирхэг байсан үеүүддээ хуульд захирагддаг, сахилга баттай байсан байдаг. Энэ алдагдахаар задрал, хуваагдал үүсдэг жамтай.
Монгол улсад бүрэлдсэн ардчилсан тогтолцооны дагуу Төрийг олонхийн дэмжлэг авсан намын бодлогоор удирддаг хуультай болохыг олон нийтэд ойлгуулж, хөгжлийн бодлого, үйл ажиллагаагаар нь ялгаж салгаж, дүгнэж цэгнэдэг болгох хэрэгтэй болжээ.
ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ, АРДЧИЛАГЧИД АА.
2024 оны УИХ-ын сонгууль тун ойрхон ирлээ. 2 жил гэдэг хангалттай хугацаа биш. Бидэнд цаг бүхэн, хором болгон үнэтэй.
Үндэсний эрх ашгийн төлөөх ялгуулсан ялалтаа байгуулахын тулд өнөөдрөөс эхлэн гишүүн бүр, намын хороо болгон зохион байгуулалтад орж, эв нэгдлээ бэхжүүлэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болж байна.
Намын бүртгэлийн асуудал хууль журмаараа саадгүй явагдах ёстой. Дээд шүүх хуульд захирагдах үүргээсээ ухрах ёсгүй. Тэд улс төрийн намын гишүүдийн дийлэнхийнх нь хүсэл зорилго, итгэл үнэмшлийн эсрэг зогсох аваас түүнээс үүдэн гарах үр дагавар, хор хохирлыг хэн хариуцах вэ гэдгийг зориуд асуумаар байна. Дээд шүүх нь хуулиа мөрдөхгүй, улс төрийн намын дотоод асуудалд хутгалдан орж, зөрчлийг дэвэргэх байр суурьтай ажиллах юм бол энэ улсад хуульд итгэх, захирагдах иргэд үлдэх үү? Иргэд хуулийн засаглалд эргэлзэх аваас ямар үр дагавар гарах вэ? Манай нийгэм тийм эрсдлийг даах уу? Би энэ асуултуудыг эрх баригчид болон Дээд шүүхийн нийт шүүгчдэд хандан тавьж байна.
ЖУРМЫН НӨХӨД ӨӨ,
Одооноос Та бид зорилго зорилтоо олон нийтэд ойлгуулах, дэмжүүлэхийн тулд ухаалаг, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой.
Бид дотооддоо төдийгүй олон улсад өөрсдийн үзэл баримтлал, байр суурийг сурталчлах болно. Олон улсын Ардчилсан холбоо, Ардчилсан эвсэл сан болон бусад ардчиллын төлөөх байгуулгууд, сангуудтай идэвхтэй харилцаа явуулах замаар ардчиллын боловсролыг дэлгэрүүлж, ардчилалын шинэ ололтуудад гишүүдээ сургах, дадлагажуулах орчин цагийн аястай хөл нийлүүлэх боломжыг дээд зэргээр эрэлхийлэх нь намын удирдлагаас хэрэгжүүлэх нэгэн чухал ажил байх болно. Ази дахь Ардчиллын баян бүрд гэж биднийг үздэг л юм бол тордох дэмжих хэрэгтэй. Монголын ардчиллын ололтыг бэхжүүлэхэд олон улсын ардчилсан нийгэмлэг бидэнд тусламжын гараа сунгах шаардлага бий.
Эрх баригчид монголын ардчиллын 32 жилийн ололтыг баллах хэмжээний үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлж, улам бүр хязгаарлагдмал, хавчигдмал нийгмийг дархалж байна.
Хууль, хүчний байгуулгуудыг хууль зөрчүүлэх замаар улс төрийн үзэл бодлыг нухчин дарах, иргэдийнхээ үг хэлэх эрхийг боомилох оролдогуудыг удаа дараа гаргалаа.Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх зэрэг хараат бус байх ёстой институциуд илэрхий хараат байдлаар эрх баригчдын нөлөөн дор ажиллаж байгаа иргэд харж, шүүмжилж, эсэргүүцсээр байгаа.
Нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээг гадаадын явуулга, тагнуулын ажиллагаа, төрийн эрхийг булаах оролдлого гэх мэт сүржин тайлбар дагалдуулан дарахыг МАН арга барилаа болгож байна. Зүүнтнүүд бүх зүйлийг үндэсний аюулгүй байдлын эсрэг явуулга, хуйвалдаан гэж сэрддэг зуршилтай боллоо. Энэ бол бидний бүтээсэн ардчилал суларч, алсарч байгаагийн тод шинж. Тийм байтал тэд хүний эрхийг дээдэлдэг, авилгын эсрэг цогтой тэмцдэг нам гэж тархи угаахыг өдрөөс өдөрт оролдох боллоо. Эрх баригч нам улс төрд оршин тогтнох эцсийн аргаа улс төрийн өрсөлдөгчдөө хагалан бутаргах, урвагчид болон дээд шүүхийг ашиглах замаар тодорхойгүй байдалд барих хэмээн ойлгож, хэрэгжүүлж байна. Үндсэн хуульт ардчилсан тогтолцоо маань ийм бусармаг үйлдлийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Бид тууштай тэмцэх, сөрөн эсэргүүцэх болно.
Олон улсын харилцааны нэн хурцадмал нөхцлийг Ардчилсан нам цэвэр Үндэсний эрх ашиг, улсынхаа аюулгүй байдал, иргэдийн тогтвортой амьжиргааны төлөө үнэлж цэгнэж, бодлогоо тодорхойлох болно. Цар тахлын дараах хямрал, Украин-Оросын олон жилийн зөрчлөөс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн зэрэг нь олон улсын харилцааг ойлгомжгүй, ээдрээт байдалд орууллаа. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, урьдын юм ул болж байгаагийн тодорхой шинж тэмгүүд ажиглагдах боллоо. Дэлхий хүйтэн дайны үеийнх шиг талцал хуваагдал руу гулгах шинжтэй байна.
Украинд ойрхи жилүүдэд өрнөсөн явдал монголд давтагдахгүй гэх баталгаа үгүй. Мөнх бус зүйл энэ ертөнц дээр байхгүй. МАН үүрд засаглана гэж байхгүйг мэдсээр атал хагалан бутаргах явуулгыг хийх замаар тогтох гэж хичээж байгаа нь үндэстний хувь заяанд сөргөөр нөлөөлнө.
Зөвхөн 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөснөөр хөмөрсөн тогоо мэт нийгэмээ нээлттэй болгож, дэлхий дахины нийтлэг хандлага, дэг жаягтай нэгдэн нийлэх боломжыг олж авсан билээ. Монголын тусгаар тогтнол, үндэсний үзлийг номлогч Жамсрангийн Цэвээн бээр манай гадаад бодлогын цөм баримтлалыг 100 гаруй жилийн өмнө онож хэлж байжээ. “Бид эдийн засгийн хувьд тэлээ хурга шиг, улс төрийн тал дээр эрх хүүхэд шиг байж үлгэрлэвээс Швейцарь лугаа улс болох ёстой” гэж их гүүш сургасан. Энэ нь хоёр хөрштэйгээ эдийн засаг улс төрийн хувьд тэнцвэртэй харилцаж, үндэсний эрх ашиг, оршин тогтнолоо хадгалж явах ёстойг заан хэлсэн үг юм. Бидний газарзүйн байрлал, эдийн засаг болон түүхэн харилцаа нь хоёр хөрштэйгээ салшгүй холбоотой болохыг хэрхэвч мартаж болохгүй.
Одоо бид дахин алдах эрх байхгүй. Олон улсын харилцааны өрнөлийг ажиглаж, аливаа асуудалд Үндэсний эрх ашгийг эрхэмлэх үүднээс хандах учиртай цаг иржээ.
Ардчиллын боловсролыг үргэлжлүүлж, ардчилсан бүтцийг залгамжлан хөгжүүлэх хүний нөөцийг тасралтгүйгээр сургах дадлагажуулахад онцгой анхаарах цаг болжээ. Эрх барьсан цагтаа намын бодлогыг төрийн үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд бидэнд бэлтгэгдсэн хүний нөөц чухлаар шаардагдна. Сургалт, боловсролд хүчтэй нхаарах болно оо.
Намын гишүүд санаа бодлоо солилцох, байнгын харилцаатай байх нь хамт олонч уур амьссгалыг бүрдүүлж, багийн сэтгэлгээ чадварыг бэхжүүлдэг тул намын хороодын байрыг гишүүдэд ээлтэй болгон өөрчлөх болно.
ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨД ӨӨ, АРДЧИЛАГЧИД АА
Та бүхэнд эв нэгдэлтэй, тууштай байсанд тань ахин талархал илэрхийлээд улс орны хөгжил цэцэглэлт, үндэсний эрх ашгийн төлөөх ялалтын төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна.
Бид өөрчлөхгүй, шинэчлэхгүй бол юмс өөрчлөгдөхгүй нь ээ. Үндэсний эрх ашиг Та биднийг улс оронд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл, хоцрогдонгуй байдлыг өөрчилж, хөгжлийн зам дээр гаргахыг шаардаж байна. Бид хийхгүй юм бол хэн хийх юм бэ, Та бид өөрчлөхгүй бол хэн ч чадахгүй нь ээ.
Мөнх тэнгэрийн ивээл, Хөх тугийн хүчин дор хөх монголчууд бид нэгдэл нягтралаа хадгалж байж л мандан бадрана.
Хөх тугтнуудаа сэрцгээе, эгнэцгээе. Хөх монголын хувь заяа биднийг дуудаж байна, Хөгжил дэвшлийг хамтдаа авчирцгаая. Хөх монголоо хөгжингүй монгол улс болгоё.
МӨНХ ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.