Л.Оюун-Эрдэнэ: Хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна

Л.Оюун-Эрдэнэ: Хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна. Хуулийн төслийг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,
 
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж хэлэлцүүлж байна.
 
Дэлхий даяар зургаан сая гаруй хүний амь насыг авч одсон, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй өөрчилсөн цар тахлын нэн амаргүй цаг үе, халдварын дараалсан дөрвөн давалгааг Та бид хамтдаа даван туулахад Улсын Их Хурлын баталсан цар тахлын эсрэг хууль эрхзүйн орчин түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд батлан илэрхийлж байна.
 
Вакцинжуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас найман сарын өмнө татан төвлөрүүлж, нийт иргэдээ шуурхай хамруулах, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эм тариа, амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийг цаг алдалгүй худалдан авах боломжийг бүрдүүлж, болзошгүй эрсдэлээс 40 гаруй мянган хүний амь насыг авран хамгаалж, эдийн засгаа үе шаттай нээж, 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болох боломжийг бүрдүүлсэнд Монгол Улсын Их Хуралд гүн талархал илэрхийлье.


 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Харамсалтай нь, давааны цаана даваа гэж монголчууд бид ярьдагчлан, шар түвшинд шилжсэнээс хойш 10 хоногийн дараа манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсч, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ.
 
Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа.
 
Дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаанбуудайн үнэ 40 хувь өсч, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ.
 
Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой.
 
Тиймээс ч эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-оо төр, иргэн, аж ахуйн нэгжүүд бүх нийтээрээ идэвхийлэн хэрэгжүүлэх үүрэг Та бидэнд ногдож байна.
 
Ер бусын хямралын цаг үе ер бусын шуурхай шийдлийг шаардаж байна. Шүүмжлээд, гомдоллоод, улс төржөөд энэ хямралыг даван туулж чадахгүй. Энэ хүнд үед монголчууд бид эвлэлдэн нэгдэж, үндэсний аюулгүй байдалд хохирол багатайгаар даван туулах түүхэн сорилт Та бидний өмнө ирлээ.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн, энэхүү хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж байна.
Энэ хууль батлагдсанаар:
 
-       Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох,
 
-       Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,
 
-       Гуравдугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэж, Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.