Зөрчлийн хуульд сануулах заалт оруулж ирлээ

Зөрчлийн хуульд сануулах заалт оруулж ирлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Албаныхны өгсөн мэдээллээр 2020 оны байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний тал хувь нь төлөгдөөгүй байгаа аж. Тиймээс торгуулиа төлөөгүй бол хүү бодох саналыг зарим гишүүд гаргав. Харин хууль санаачлагдын зүгээс нэг удаа сануулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. Одоо мөрдөж буй хуулиар  10 зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж байгаа бол нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий зүйл заалтуудаар торгууль ногдуулдаг хэсгийг хасчээ. Жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаандаа тайлангаа ирүүлэхгүй байх, талбай дээр жагсаал цуглаан хийх, гэр бүлийн зөрчил зэрэг. Харин санхүүгийн гэмт хэрэг, байгаль экологийн эсрэг гэмт хэрэг, боловсролын бизнес болгох зэрэг зөрчилд хариуцлагыг чангаруулах юм байна. Мөн их дээд сургуулиудын бакалаврын диплом олголтыг хуулийн хүрээнд чангаруулахаар болжээ. Тодруулбал, Дээд боловсролын тухай хууль зөрчих гэсэн бүлэгт зааснаар хууль тогтоомжид заасан багц цаг, эсхүл сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангаагүй хүнийг элсүүлсэн, төгсгөсөн бол хохирлыг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ. Хуультай холбоотойгоор гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн төсөлд танхайн гэмт хэрэг, олон нийтийн газарт бие засах, зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийх,  үйлчилгээний газруудад тамхи татах, хүний гэрт зөвшөөрөлгүй зураг дарах, автобусанд үнэгүй зорчсон, машин барьж явахдаа утсаар ярих, цэргийн зарлан очиход ирэхгүй байх, хурд хэтрүүлсэн тохиолдолд  сануулах арга хэмжээ авна гэжээ. Эдгээрийг дэмжихгүй. Харин ч торгодог байх ёстой. Цаана нь хүний амь насны асуудал яригдаж байна. Зөрчлийн хууль гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг. Анх хууль батлахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг торгох, баривчлах гэлээ гээд иргэд ярьж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүний үр дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа санаатай үйлдэгдэх  хүн амины гэмт хэргийн тоо буурсан шүү.

 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Хуулийн нэг заалтан дээр маш олон зөрчлүүдийг  зэрэгцүүлээд биччихсэн. Тухайлбал, гудамж талбайд бие засах, нус цэр, хогоо хаяг зэрэг бүгдийг нь нэг заалтад хамааруулсан. Уг нь бид хог хаях дээр нэг удаа сануулдаг болох гэхээр гудамж талбайд бие засахыг нь зөвшөөрмөөргүй байна. Гэхдээ сануулах арга хэмжээ бол байнгын шийтгэл биш. Зөвхөн нэг удаагийх. Үүнийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж хэрэв давтан зөрчил үйлдвэл хэн байхаас үл хамаарч торгох арга хэмжээг авна. Өнөөдөр 200 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан гэж байгаа боловч эргэн төлсөн нь маш бага. Тиймээс хуульд “Хугацаандаа торгуулиа төлсөн бол хөнгөлнө. Хэрэв төлөөгүй бол 50 хувь хүртэл нэмэгдэх” талаар тусгасан. Ингэж байж хий тавигдсан торгуулиудыг төлүүлнэ. Энэ бол наймаалцах асуудал биш. Нэгэнт зөрчил үйлдсэн бол торгуулийн мөнгө хугацаандаа орох ёстой.

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг нэмж, зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим зөрчлийг нь хасч, нэмэхээр болжээ. Төслийг дэмжиж байна. Зөрчлийн тухай хууль батлагдаад  таван жил болж байна. Энэ хугацаанд найман сая гаруй зөрчил хариуцлага ногдуулжээ. Өөрөөр хэлбэл,  жилд 2.3 сая зөрчилд хариуцлага ногдуулсан гэсэн үг. Үүнээс харахад аюул багатай, зөрчилд тооцогдох шаардлаггүй зүйлсийг хуульд тусгаснаас болж зөрчил эрс нэмэгдсэн. Нийгмийн бүх асуудлыг хариуцлагатай уях гэж хэт их хичээсэн нь уг хуулийн ганц алдаа нь. Зөрчил гэдгийг ямар хүрээнд хэрхэн зөв тодорхойлох вэ гэдгээс  хуулийн мөн чанар  шалтгаална. Хуучин захиргааны хариуцлага тооцдог байсан зүйлүүдийг зөрчил, заримыг нь хатуухан хэлэхэд Эрүүгийн тухай хууль руу оруулсан. Энэ зүйлүүдийг эргэж харах цаг болсон. Зөрчилд хариуцлага оногдуулдаг 30 гаруй байгууллага, 10 мянга гаруй албан тушаалтан бий. Үүнээс харахад хүрээгээ нэмсээр байгаад Зөрчлийн тухай хуулийн гол зорилго хангагдахад бэрхшээлтэй болсон.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Зөрчлийн тухай хууль 2015 онд УИХ-д өргөн баригдсан. Өмнө нь иргэд, байгууллагуудын гаргасан зөрчилд маш олон төрийн байгууллага давхардуулсан шийтгэл оногдуулдаг байсан. Нэг зөрчил гаргалаа гэхэд гааль, МХЕГ, төрийн хяналт шалгалт гээд байцаагч бүр л хүнийг торгох шийтгэх эрхтэй байсан. Үүнээс үүдэн ард иргэдэд хүнд суртал гаргадаг байсан. 220 орчим хуулийг нэгтгэж нэг хууль болгож гаргасан нь Зөрчлийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, нэг, орц гарцтай болгосон. Харьцангуй зөв зарчим, жишиг рүү шилжээд явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Хуульд сануулах арга хэмжээг оруулж байгаа бол тогуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүү бодогдоод явдаг барууны жишгийг нэмэлтээр оруулмаар байна. Хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгоогүйн улмаас торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдсан. Сүүлдээ Өршөөлийн хуульд хамруулаад буян үйлдэж байгаа юм шиг утгагүй зүйл рүү орсон. Ингэвэл хууль батлах хэрэг байсан ч  юм уу. Иргэдэд хуулийн ухамсар суулгах хэрэгтэй.

Санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.