- Төрийн албаны шинэтгэлийн шинэ үе эхлэх гэж байна -
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Төрийн албаны шинэтгэл-ололт, сорилт, шийдэл” сэдэвт уулзалт болжээ.
Төрийн албаны шинэтгэлийн үйл явц, тулгарч буй сорилтын шийдэл гарцын талаар санал солилцсон энэхүү уулзалтад УИХ-ын дарга Г. Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н. Учрал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон УИХ-ын тамгын газрын холбогдох ажилтнууд оролцлоо.
Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдаж, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч зохицуулалтыг нийгмийн орчин нөхцөл, цаг үе, хөгжлийн үйл явцтай уялдуулан илүү уян хатан болгох, цар хүрээг өргөтгөх санал, санаачилга гарч байгаа учраас төрийн албаны цогц шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагын тухай, Чадахуйд суурилсан сонгон шалгаруулалтын тухай зэрэг хуулиудыг боловсруулж, үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс төрийн албаны шинэтгэлийн бусад асуудлыг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийж, санал солилцох, чиглэлээ тогтох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан аж.
Төр ард түмэндээ илүү сайн үйлчилдэг болоход төрийн албаны шинэтгэл чиглэгдэнэ. Чадварлаг, мэргэшсэн байхын зэрэгцээгээр цалин, хангамжийн асуудал дээр ч шинэтгэл хийгдэх шаардлагатай гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Мөн чадварлаг боловсон хүчнийг төрд ажиллуулахын тулд гэрээгээр авч ажиллуулах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод буюу төрийн бус байгууллагад шилжүүлэх зэрэг цөөнгүй санал яригдаж байна. УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ гүйцэтгэл үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг онцоллоо.
2021 оны байдлаар төрийн албан хаагчдын тоо 208,864 байгаагаас 65,9 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч нь, 21,9 хувь нь төрийн тусгай албан хаагч, 10,1 хувь нь төрийн захиргааны алба хаагч, 1,9 хувь нь төрийн улс төрийн албан тушаалтан байна. УИХ-ын дарга Г. Занданшатар “Төрийн албаны шинэтгэл-ололт, сорилт, шийдэл” уулзалтын төгсгөлд холбогдох албаныханд төрийн албаны шинэтгэлийн хүрээнд зохион байгуулах асуудлаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.