С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна

С.Амарсайхан: Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, хариу арга хэмжээ авна

Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө.

Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж, 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа ч нөгөө талд цар тахлын хүндрэлээс болоод дотоодын үйлдвэрлэл буурах болжээ. Тухайлбал, 2019 онд 1.4 сая гаруй тонн цемент үйлдвэрлэж байсан бол 2020 онд 1.2 сая тонн болж буурсан бөгөөд тонн нь 141600 төгрөг байсан цементийн үнэ 2020 оны арванхоёрдугаар сараас хойш долоон удаа нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 256 мянган төгрөг болоод байна.

Иймд Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт Шадар сайдад танилцуулахыг даалгав.

Тэрбээр “Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүслээ гэхэд бүх компани нэг зэрэг шахуу 30 хувиар нэмж байгаа нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн эсэхийг нэн даруй шалгах хэрэгтэй. Шалгахдаа бүх талын оролцоог ханган ажиллах нь чухал. Зайлшгүй үнэ нэмэхээс өөр гарцгүй байсан бол үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих ямар гарц, боломжууд байгааг эрэлхийлэх учиртай. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан иргэд, аж ахуйн нэгжүүд цементийг их хэмжээгээр авч нөөцлөх зэргээр үнийн зохиомол хөөрөгдөл үүсэхээс сэргийлж ажиллах шаардлагатай байна. 2022 онд барилгын салбарт хийгдэх 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үнийн хөөрөгдлөөс болж хойшлуулах, гацаахгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллах ёстой” гэлээ.

Импортыг орлох үйлдвэрлэл хөгжүүлж, бүтээн байгуулалт хийхийн тулд Хөгжлийн банкнаас зээл аваад, ковидын хүндрэлтэй цаг үед хүүгийн болон ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж буй үйлдвэрлэгчид болон төрийн өмчийг луйвардаж аваад, үйлдвэрлэл явуулах нэрийдлээр их хэмжээний зээл аваад тэр чигтээ алга болсон Хөтөлийн цементийн үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, хянаж шалгах ёстойг Шадар сайд С.Амарсайхан анхаарууллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.