Жилийн өмнө, 2021 оны нэгдүгээр сарын 27-ны УИХ-ын чуулганы хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилж байв. Үнэнийг хэлэхэд, тухайн үед Л.Оюун-Эрдэнийг хоёр сар, сайндаа л гурван сар ажиллаад Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэцгээж байв. Ингэж ярьж, бичицгээж байсан. Өөрөөр хэлбэл, нийгмийн хүлээлт хийгээд хүлээн зөвшөөрөх байдал сайнгүй байсан юм.
Тэгвэл тэр Ерөнхий сайдаар ажиллаад нэг жилийн ард гарчээ.
Өнгөрсөн нэг жилд дэлхий ертөнцөөрөө COVID19 цар тахалтай зэрэгцсэн амьдрал үргэлжиллээ. Тиймээс монголчууд бид хүндрэл, бэрхшээлийг ч багагүй амсав.
Засаг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнийн тухайд ч хүчрээгүй, нүүр тулсан асуудлууд бий.
Хамгийн хүнд, бүгдэд шууд нөлөө үзүүлж буй нь урд хил хаагдсан явдал юм. Одоо ч хэвээрээ бөгөөд хэзээ нээх нь тодорхойгүй байна.
Урд хөршийн тайлбараар, COVID19 цар тахалтай холбоотой гэдэг аж. Хамгийн гол нь үүнээс үүдээд Монголд экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн.
Бас л COVID19 цар тахлын улмаас хэдэн сарын өмнө хойд хөршөөс ирдэг импортын АИ92 автобензин тасарсан. Хоёр ч удаа ийм явдал болж, Монгол даяар “дажин” үүсгэж байв. Хэдийгээр байдал хэвийн болсон ч үнэ нь байсхийгээд нэмэгддэг. Ер нь бензин шатахууны хувьд манайх хойд хөршөөс хараат байна уу, хэдэн импортлогчоосоо хамаардаг уу гэдгээ тодорхойлох цаг болчихоод байгаа юм.
Гэхдээ дэлхийн улс орнууд “COVID19 цар тахалтай хамт амьдрах” /live-with-COVID/ стратегийг баримталж байна. Монгол ч ялгаагүй. Цаашдаа цар тахлын тархалтыг хумихын зэрэгцээ эдийн засгаа аль болох нээлттэй байлгах гэсэн хүндхэн сорилттой нүүр тулсаар байх бололтой.
Цар тахалтай өнгөрсөн жилүүдэд улс орнуудын хэрэгжүүлсэн их хэмжээний төсөв, мөнгөний урамшууллын бодлого, вакцинжуулалт, үйлдвэрлэлтийн сэргэлттэй холбоотойгоор 2021 онд дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн. Гэвч шинэ төрлийн вирусийн тархалт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, инфляцийн өсөлт, санхүүжилтийн хумигдал зэргээс энэ 2022 онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй. Энэ нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад харилцан адилгүй “үйлчлэх” бололтой. Тэрчлэн омикрон хувилбар болон цаашид илэрч болзошгүй шинэ төрлийн вирус дэлхий дахинд бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, эрчим хүч, хүнсний үнийн өсөлтийг гааруулсаар байх эрсдэл байгаа аж.
Энэ бүхэнд Монгол Улс бэлэн үү. Яаж даван туулах вэ. Үүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ямар ажлууд амжуулсан бэ гэдэг ихээхэн чухал юм.
Хамгийн түрүүнд COVID19 цар тахлын эсрэг вакцинжуулалт яригдана. Одоогоор дэлхийн нийт хүн амын тал хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна. Дэлхий даяар нийт найман тэрбум орчим тун вакцин хийсэн. Африкийн улсуудын хүн амын найман хувь, бусад өндөр орлоготой улс орнуудын хүн амын 60 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдсан гэх харьцуулсан тоон мэдээлэл байна. ДЭМБ-аас 2022 оны дунд гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүлжээ.
Монгол Улсын хувьд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараахнаас вакцинжуулалт эхэлсэн. Өчигдрийн байдлаар, Монгол улсын иргэдийн 69.8 хувь нь нэгдүгээр тунд, 66.7 хувь нь хоёрдугаар тунд, 31 хувь нь гуравдугаар тунд, хоёр хувь нь дөрөвдүгээр тунд хамрагдаад байна. Засгийн газар дархлаа сэргээх гурав, дөрөвдүгээр тунд иргэдийг уриалсаар байгаа юм.
Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараахан Эдийн засгаа сэргээх эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр баталж, хэрэгжүүлсэн. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд ЖДҮҮ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг, Улаанбаатар хотод барих Залуус I, II, III хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, ХАА-н үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг, Монголбанкны жилд репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх, ингэхдээ ЖДҮҮ эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгохоор тусгасан.
Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн COVID19 цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-ын 2021 оны сүүлийн чуулганаар батлуулсан. Энэ бодлого нь Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт зургаан багцтай. Хэрэгжүүлээд эхэлжээ.
Өнгөрсөн 2021 оны сүүлчээр тохиролцоонд хүрч, 2022 оны нэгдүгээр сарын 25-нд анхны тэсэлгээгээ хийж Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь яахын аргагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын маш том ажил юм. 13 жил гацаа, хүлээлт, улстөржилт дунд явж ирсэн Оюу толгой төслийн хувьд томоохон алхам болсон. Бидэнд ч, хөрөнгө оруулагчдад ч хэрэгтэй хэлэлцээрийг энэ Засгийн газрын Ажлын хэсэг хийсэн. Ийм эерэг мэдээлэл зөвхөн Монголд бус, олон улсад түгэж, цаашид гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх томоохон үүд болов.
Энэ сайн мэдээний хүрээнд Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж ахмадуудын тэтгэврийг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 500 мянган төгрөг болгож, түүнээс дээш байсныг тодорхой хувиар нэмэх төслийг УИХ-аар батлууллаа. Үүнд 673 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ.
Оюу толгойн үр өгөөжийг энэ Засгийн газар өмнө нь бас “амсуулчихсан” байгаа юм. Өнгөрсөн хавар COVID19 цар тахал хүндэрч, вакцин тасарч, улс даяар хатуу хөл хориотой байх үед Засги йн газар иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүүлэх шийдвэр гаргасан. Хэрэгжүүлсэн. Энэ дэмжлэгийг татварын албанаас “Оюу толгой” ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн төлбөр татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогоос олгосон юм.
Ер нь бол Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь Монгол Улсын эдийн засагт гэрэл асаасан үйл явдал болсон гэж эдийн засагчид, үе үеийн улстөрчид нэгэн дуугаар хэлж, ярьж байна.
Нөгөө талаас, өнгөрсөн нэг жил улс төрийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаггүй шалгууртай байв.
Эхнийх нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Тавдугаар сарын 6-ны пүрэв гарагт болсон ҮАБЗ-ийн хурал дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр муудалцсан. Тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж буйгаа шууд хэлсэн байдаг.
Тэрчлэн Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, хоёр АН-ын дарга, Үндсэн дүрмийн алийг ч бүртгэлгүй, татгалзаж шийдвэрлэсэн. Харин СЕХ-ноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс С.Эрдэнийг бүртгэсэн. Ингэж Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүх хоёрын тодорхой шийдвэрийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Намынх нь нэр дэвшигч ялалт байгуулсан. Намар нь болсон УИХ-ын нөхөн сонгууль, орон нутгийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулав. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээр 2021 оны зургадугаар сард намын даргаар сонгогдов. Гэхдээ МАН-ын даргыг намын Их хурал баталгаажуулан сонгоно гээд дүрэмдээ заачихсан. Тэр дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН-ын 30 дугаар Их хурал болсон. Тэр хурал дээр Л.Оюун-Эрдэнэ одоогийн энэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Намын дарга ч болж чадсан юм.
Олон таван үггүйгээр Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд болсон үйл явдлыг тоймлоход ийм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.