"E-Mongolia" төслийн хүрээнд 2021 онд ямар ажил хийгдсэн талаар мэдээлэл өглөө. Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “ Бид 600 үйлчилгээтэйгээр 2021 оныг үдэж байна. Энэ жил жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, иргэний үнэмлэх дахин авах, гадаад паспорт дахин авах, шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа авах зэрэг үйлчилгээг түгээмэл авчээ. Энэ оны 11 дүгээр сараас эхлээд хууийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг "E-Mongolia"-аар байгуулах боломжтой болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгууллага байгуулагдсан байна.
Цэргийн бүртгэл хийх үйлчилгээ мөн энэ жил орсон. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтүүдийг мөн авдаг болсон. Өнгөрөгч онд "E-Mongolia" 6.5 сая үйлчилгээг үзүүлээд байна. 56 хувь нь Улаанбаатар хотоос, 44 хувь нь орон нутгаас тус үйлчилгээг авсан байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 минут зарцуулж байна. Олон шатлалтай 436 үйлчилгээг мөн багтаасан. Иргэдээс өдөрт 800-1200 хүсэлт, санал, асуулт ирдэг.
Энэ платформыг зөвхөн төр хийж байгаа биш иргэдтэй хамтарч хийж байна. eMongolia платформын тусламжтайгаар маш их цааг хэмнэж байна. Жишээ нь компани байгуулах үйлчилгээнд өмнө нь иргэд ажлын таван өдрийг зарцуулдаг байсан бол одоо хэдхэн минут зарцуулж байна. Хөдлөнгийн судлаачдын дүгнэлтээр энэ жил 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн гэж дүгнэжээ. Ийм амжилттайгаар 2021 оныг үдэж байна.
2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэмнэ гэж төлөвлөлөө. Энэ 1000 гаруй үйлчигээний жагсаалт иргэдээс ирсэн саналд үндэслэсэн. Үйлчилгээний байгууллагууд цахимаар бичиг баримтуудыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байгаа. Дараа онд гадаадад суугаа монгол иргэд, монголд суугаа гадаад иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод хотын зах хөдөө орон нутгийн алслагдсан газар ажилладаг иргэдэд үйлчилгээгээ үзүүлэхээр төлөвлөөд хөгжүүлэлт хийгээд явж байна. Бүх аймаг орон нутаг өөрийн гэсэн үйлчилгээтэй байдаг.
Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг нэмж оруулахаар төлөвлөж байна. Одоогоор найман аймгийн 498 үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм. Мөн шуудангийн үйлчилгээг илүү сайжруулахыг зорьж байна. Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Энэ хуулиуд батлагдсанаар бид цахим шилжилтэд илүү хурдан, амжилттай шилжих боломж бий болж байна" гэлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.